“Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэж айдаг

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газрын хурлын зааланд өнөөдөр боллоо.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулж буй тус хэлэлцүүгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцсан юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Өнөөдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон оюутан, залуусын холбоодтой хамтран хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулж байна” хэмээн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоог нарийвчлан гаргаагүй байгаа ажээ. ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудаас 70-90 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгаа гаргасан байна. Хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 79 орчим хувийг 18-34 насны эрэгтэйчүүд эзэлдэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, тээвэрлэлт, борлуулалттай тэмцэхийн тулд иргэдэд нэн тэргүүнд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлагатай гэдгийг “Зөв мэдлэг Гэрэлт ирээдүй” ТББ-ын тэргүүн Б.Түмэнбаяр онцлов.

Хар тамхи хэрэглэдэг 70-90 мянган иргэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц тоон үзүүлэлт гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр, “Бидний явуулсан судалгаагаар нэг хүн хамгийн багадаа найман төрлийн хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэргэлэгчид зөвхөн нэг төрлийн бодисоор дагнах бус өөрт олдсоноо л хэрэглэж байгаа юм. Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулна. Түүнчлэн зүү, тариураар дамжуулан бэлгийн замын халдварт өвчин авах, үргүйдэх, ургийн гажиг үүсэх зэргээр олон асуудал гардаг тул цөөн хүн амтай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэлээ.

Хар тамхинд донтсон иргэдэд “Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэсэн айдас байдгаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй байна. Гэвч хар тамхинд донтсон хүнийг гэмт хэрэгтэн бус өвчтөн гэж үздэг тул баривчилахгүйгээр эрүүл мэндийн тусламж болоод сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг хэмээн Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхтуяа хэллээ. Мөн тэрбээр Монгол Улс ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бие мах бодийн болон сэтгэл заслын эмчилгээ явуулж байгаа. Тиймээс иргэд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн салбарт хандаж, тусламж авах боломжтой гэв.

+ There are no comments

Add yours