АНУ-ын Төрийн Департамент нэмэлт хяналт судалгаанд хамрагдах шаардлагатай виз мэдүүлж байгаа хүмүүсийн хүрээг тодорхой болгохыг дэлхийн улс орнуудад ажиллаж буй бүх элчин сайдын яамд болон Консулын газрууддаа даалгалаа.
Уг захирамжинд “эдгээр яам, газрууд Лалын Улс бүлэглэлийн хяналтаа тогтоосон бүс нутагт очсон эсвэл террористуудтай холбоотой байх магадлалтай хүмүүс виз мэдүүлсэн тохиолдолд тэдний нийгмийн сүлжээн дэх цахим хаягийг сайтар шалгах нь зүйтэй” гэж зааварчилсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны илгээсэн зааварчилгаанд “нэмэлт хяналт шалгалт, судалгаанд хамрагдах шаардлагатай өргөдөл гаргагчдыг тодорхойлох шалгууруудыг боловсруулах, аюулгүй байдал болон тагнуулын асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулахыг” даалгажээ. Өргөдөл гаргагч нь визний шалгууруудыг хангасан байлаа ч гэсэн нэмэлт хяналтанд орох эсвэл татгалзсан хариу авах магадлалтай болж байна.
Уг захирамж нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ярьж байсан “гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхэд тавих хатуу шалгуурууд”-ын эхнийх нь юм.
Уг захирамж нь хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон лалын шашинт зургаан орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон Д.Трампын зарлигийг эсэргүүцэгчдийн шүүмжлэлд өртсөн юм.
Пүрэв гарагт “Amnesty International” байгууллага дээрх захирамжийг олон нийтэд ил болгохыг Төрийн Департаментад уриалжээ. “Энэ арга хэмжээ нь хүмүүсийн яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан тусгай зөвшөөрлийг бий болгож болзошгүй” гэж тус байгууллагын Р.Тиллерсонд илгээсэн захидалд дурджээ.
+ There are no comments
Add yours