Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын “В” хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Их өргөө” ХХК-ийг батламжилсан байна. “Их өргөө” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх явцдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон долоон барилгыг буулган, нийт 85 айл өрхтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахдаа 2015 онд ашиглалтад орох орон сууцаар хангахаар тохиролцжээ. Гэвч төсөл хэрэгжүүлэх хугацаандаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/442 дугаар захирамжаар цуцалсан байна. Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбоотой “Их өргөө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн 85 айл өрхийн эрх ашиг хөндөгдсөн учир иргэдийг нийслэлийн өмчийн түр орон сууцанд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд суурьшуулж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны иргэн Б.Магван “85 өрхийн 500 гаруй оршин суугчид өөрийн гэсэн орох оронгүй нийслэлийн өмчийн түр орон сууцанд амьдарч байна. “Их өргөө” компани биднийг олон жил хохироолоо. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид нийслэл рүү хандахаас өөр аргагүй болсон. Бидний асуудлыг та бүхэн хэлэлцэж зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж ажилла. Иргэдийг олон жил ингэж хохироож болохгүй. Төслийг яаж цааш нь амжилттай хэрэгжүүлэх саналыг яаралтай гаргаж танилцуул” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Дараа нь өнөөдрийн хуралдаанд замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав. Тэрбээр “Замын хөдөлгөөний ачаалал хичээл, сургууль эхэлсэн үеэс эрс нэмэгдсэн. Хотын авто замын ачааллын гол цэг нь Улаанбаатарын төв цэг байдаг. Авто замын сүлжээ дутагдалтай байна. Одоогоор 903 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгаа. Нийтийн тээврээ илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Зогсоолын нэгдсэн системийн ажлыг төлөвлөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. Цаашид Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх гэсэн асуудлууд байна. Ойрын хугацаанд автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн ажлын цагийн уян зохицуулалтын ажил судалгааны шатанд явж байгаа. Энэ ажил хийгдвэл хөдөлгөөний цагийн давхцал буурна” гэсэн мэдээллийг өгөв.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэл дэх тээврийн хэрэгслүүд зам дээрээ багтахгүй. Энэ нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байна. Тиймээс иргэдээс нээлттэй санал авч тэгш, сондгойгоор нь долоо, долоо хоногоор явуулбал яасан юм бэ гэсэн саналыг оруулж байна” гэлээ.

Түүнчлэн авто замын түгжрэл ачааллыг бууруулах чиглэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонссон юм. Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл оролцов. Тэрбээр “Замын түгжрэлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Ард иргэдээс ирүүлж байгаа саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байна. Бүгд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй” гэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээ нь зарим хотуудын нэрийн хуудас болдог. Нийтийн тээврийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагууд яагаад анхаарч ажиллахгүй байна. Иргэдээс бэлэн мөнгө авч зорчуулдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Түгжрэлийг бууруулахад гол чухал нөлөө үзүүлэх газар бол нийтийн тээврийн үйлчилгээний газар. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг байж иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхгүй байнга гомдол дагуулдаг байгууллага боллоо. Бэлэн мөнгө авдаг жолооч нартай яаж тэмцэх вэ. Нийт орлогынхон гуравны нэг нь өөр замаар явж байна. Иргэдийн татварын мөнгийг ингэж үргүй зардаг байж болохгүй. Мөн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж ажиллана. Авто замын ачааллыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа холбогдох мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, мэдээллээ нэгтгэж ажилла” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.