УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 47 гишүүн ирцээ бүртгүүлснээр эхэллээ.
Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхэд хэргийн түгжрэл үүсээд байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Яг хэний захиалгатай хууль гэнэт орж ирэв ээ. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудал гэнэт оруулж ирсний учир шалтгааныг асуумаар байна. Дээд шүүхийн Тамгын газрын даргаас асууя. Иргэний хэргийн шүүх хуралдаж байгаа юу? Одоо хуралдахгүй байна гэж хууль санаачлагч хэлж байна. Иргэний танхим 8 шүүгчтэй, тавыг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн нийт найман шүүгчийн ажилгүй байсан хугацааны цалин 200 гаруй сая болсон. Үүний эх үүсвэрийг яаж шийдэх нь ч тодорхойгүй байна. Одоо Иргэний танхим таван шүүгчтэй. Таван шүүгч хуралдах боломжтой. Гэтэл яагаад ирц бүрдэхгүй байна гэсэн худал мэдээллийг УИХ-д танилцуулж хууль оруулж ирж байна вэ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хууль гэнэт орж ирээгүй. 2019 оны аравдугаар сард өргөн барьсан. Өнгөрсөн парламент хэлэлцэх гэж байтал шинэ хууль өргөн барьсан тул буцаан татсан. Хууль санаачлагчийн хувьд тийм агуулга, санаагаар хуулийн төсөл оруулж ирээгүй. Иргэдийн маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа гэсэн бодит үндэслэл дээр үндэслэж оруулж ирсэн. Иргэний хэргийн шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг, иргэн нэг шүүгчээс татгалзвал хуралдах боломжгүй.
Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв: Энэ асуудал гэнэт шийдэгдэж байгаа юм биш. 2019 оны намар Иргэний дээд шүүх гурван шүүгчтэй, хуралдах боломжгүй байсан. Тиймээс одоогийн хэргийн хуримтлалын зарим нь үүссэн. Монголын шүүх жилд анхан шатны 65000 хэргийг хэлэлцдэг. Одоо Иргэний танхим хуралдаж байна. Таван шүүгчтэй. Хэрэв өвчтэй, чөлөөтэй, татгалзан гарсан тохиолдолд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Таны хуульд гар дүрдэг асуудал хэрээс хэтэрч байна. Та хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс болж 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гэмт хэрэгтэн бидний дунд явж байна. Үүнийг засна гэж бөөн шоудсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг сэргэсэн хүн байхгүй байна. Зөрчлийн хуулиар Монгол Улсын тал хүн ам торгуулсан. Засна гээд л шоудаад явж байна. Та хуулийг хуульчийн биш улс төрийн нүдээр хардаг юм байна. Шүүгч нарыг сэлгэх юм бол нарийн мэргэшээгүй учраас бүр илүү түгжрэл үүснэ шүү дээ. Удахгүй дахиад энэ буруу юм байна гээд засаж оноо авах юм байна л даа. Ийм байдлаар хууль шүүхийн тогтсон тогтолцоог эвдэж болохгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ хуулийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өргөн бариагүй. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан.
More Stories
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
