Оюутолгойн хувьцааны ханш 6.9 хувиар өсжээ

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш 6.9 хувиар өсөж, 0.62 доллар болжээ. Хамгийн сүүлд ханш 0.45 доллараар хаагдаж, оргил өсөлт нь 0.47 болоод байсан юм.

Ханш өссөн шалтгаан нь Оюутолгойн ордын гүний уурхайгаас олборлолт явуулах хоёр дахь босоо ам буюу Shaft 2-ын барилгын ажил дуусч, ашглалтад оруулахад бэлэн болсон тухай мэдээлэл нийтэд тарсантай холбоотой юм.  Хоёр дахь босоо ам нь 10 метр диаметртэй, 1.3 км урт. Шинэ ам ашиглалтад орсноор уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, бүтээмж өсөх гэнэ. Шинээр баригдсан аманд 300 хүн тээвэрлэх чадалтай өргөгч, 60 тоннын даацтай ачааны өргөгч байрлуулсан бөгөөд өдөрт 35 000 тонн хүдрийг газрын гадарга руу зөөвөрлөх хүчин чадалтай юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн наймдугаар сард “Туркойз хилл ресурс” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал нэмэгдэх болсон талаар мэдээлэл гаргахад хоёр ам.доллар даваад байсан ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.69 канад доллар, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 0.53 ам.доллар болж унасан байдаг.

+ There are no comments

Add yours