Өмгөөлөгч Г.Батбаяр: Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зорилго бол хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл хэрэгсэхгүй болгох

Шүүгчдэгч Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарах боломжтой байгаа юу?

-Өнөөдөр дуусах боломжгүй байна. Шүүх хуралдааны нийт хугацааг бүхэлд нь 100 цаг гэж үзвэл өнөөдөр 70 хувьдаа явж байна гэсэн үг.

-Цаг сунгаж, олон хоногоор сунжирч байгаа нь иргэдийн хардлагыг төрүүлж байх шиг?

-Талуудын мэтгэлцэх зарчмыг хангахын тулд цаг сунгаж ажиллаж байна, шүүх. Тэгж ойлгож байгаа.

-Гэрчүүдээс мэдүүлэг авч дууссан уу?

-Гэрчүүдээс мэдүүлэг авч дууссан. Шинжээчдийг асууж дуусаагүй, мэтгэлцээний үе шат ч арай дуусаагүй, хурал завсарласан байна.

-Б.Хурцын өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгохоор нөлөөлж байна, зорьж байна гэсэн мэдээлэл цөөнгүй байгаа. Энэ талаар ?

-Ер нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэл, зорилго бол хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл хэрэгсэхгүй болгох юм шүү дээ. Тэгж ажиллаж л байна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хамаагүй ярьж болохгүй шүү дээ.

-Харьцангуй тодорхой байгаа хэргийг мөрдөн байцаалтад буцаахыг зорьж байгаа шалтгаанаа тайлбарлана уу?

-Мөрдөн байцаалтад буцаах үндэслэлээ бид мөрдөн шалгах ажилллагааны явцад маш олон зүйл дутуу хийгдсэн байна. Маш нууц нэрээр маш олон хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Энэ талаар урьдчилан хэлэлцүүлэг дээр гаргаж байсан, одоо ч бас гаргаад л байгаа бид.

-Нэг үгээр, шүүгдэгчдийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Есөн шүүгдэгчийн эрх харилцан адилгүй зөрчигдсөн байна гэж үзэж болно. Маш олон нарийвчилсан ажиллагаан дээр. Энэ талаар нарийвчлан хэлэх боломжгүй байна. Учир нь хэргийн маш олон зүйл маш нууц бүлэгт багтаж байгаа учир хамаагүй мэдээлэл ярьж болохгүй байна. Тиймээс хуульд заагдсан нийтлэг эрхүүд зөрчигдсөн байна гэж үзэж байгаагаа хэлэх хэрэгтэй юм.

-Нийт 27 минутын бичлэг ил болж, маш нууц бүлэгээс гаргасан. Одоо 400 цагийн бичлэг цаана байгаа байх аа?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа 400,500 цагийн бичлэг гэж ер нь байхгүй шүү дээ. Улс төрчид шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулан зарчмаар иймэрхүү зүйл ярьсан байдаг юм.

-Шүүх хурлын явцад хууль бус зүйл, үйлдэл гаргах байдал ажиглагдаж байна уу?

-Захиалгийн шинжтэй хууль бус үйлдэл гаргавал аль аль тал нь гомдол гаргана. Тиймээс одоог хүртэл иймэрхүү хууль бус зүйл, үйлдэл ажиглагдаагүй байна.

Сэтгүүлч Б.Хонгорзул

+ There are no comments

Add yours