Тавантолгойд 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Монголын өмнийн говьд нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Тодруулбал, Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр болсон байна.

Шинэ авто замын нээлт дээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэлжээ.

Энэхүү авто замын барилга угсралтын ажлыг 2018 оны 3 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 30см зузаан бетон суурь, 18см хучилттай, хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто зам юм. Зам ашиглалтад орсноор юуны өмнө уурхай орчмын тоосжилт багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

+ There are no comments

Add yours