Төв аймгийн Сүмбэр сумын сургуулийн 200 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Мөрч

Ардчилсан намаас ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг Хүүхдийн баяраас өмнө огцрохыг шаардан, дахин жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид “Сайд мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон олон амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул салбарын сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой” хэмээн үзэж хоёр дахь удаагаа жагсаж байгаа бөгөөд Төв аймгийн Сүмбэр сумын төлөөлөл оролцож байна.

Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдон, өдөр бүр эм ууж байгааг иргэд хэллээ.

Тус сумын иргэн Б.Бямбажаргал “Сумын сургуулийн 300 гаруй сурагчийн 200 нь сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн зургаан хүүхэд өвчилж, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар авсан хүүхдүүдэд өдөр бүр 11:00-12:00 цагийн хооронд эм өгч байгаа. Зургаан сар ууна гэж хэлснээс өөр яг ямар эм өгч байгаа талаар мэдээлэл бидэнд алга байна. Олон хүүхэд халдвар авсан нь сумын хувьд томоохон асуудал болоод байгаа.

Ер нь тогтмол үзлэг оношилгоо зохион байгуулдаггүй салбарын яам энэ томоохон халдвар гарсанд буруутай гэж үзэж байгаа. Юун дээр үндэслэснийг мэдэхгүй ч 2019 оны эхээр гэнэт л аймгаас эмч нар ирээд сургууль дээр оношилгоо хийж, халдвар тархсаныг мэдсэн.

Манайх нэг хүүхэдтэй, бас нэг хүүхэд манайд байж хичээлдээ явдаг. Тэр хоёр маань хоёулаа халдвар авсан. Манай хүүхэд гэрээрээ эм ууж байгаа. Тавиул хүүхдийг өвчилсөн гэж хэлэхгүй мөртлөө хүнд байна гээд аймгийн эмнэлэгт хэвтүүлчихсэн” хэмээн ярилаа.

Мөн жагсаалд Сүмбэр сумын сургуулийн бага ангийн багш Д.Болорцэцэг оролцлоо. Тэрбээр сүрьеэгийн халдвар авснаа хоёр сарын өмнө мэдээд, ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

“Сая 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарахад нийгмээрээ багшийг буруутгасан. Би сүрьеэгээр өвчилснөө мэдсэн даруйдаа эмчилгээ хийлгэхээр чөлөө авахад намайг халдвар тараасан юм шиг ойлголт тарсан. Эмчилгээ хийлгээд эдгэж байгаа ч сэтгэл санааны хувьд маш их дарамттай байна.

Би долоон жил багшилж байгаа, бага ангийн багш. Манай ангийн хүүхдүүд сүрьеэгээр өвчлөөгүй. Ахлах ангийн сурагчид өвчилж, аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа юм байна лээ. Тийм байхад багшийг буруутган, халдвар тараасан гэх хандлага гарч байгаа нь миний хувьд маш хүнд тусаж байна.

Миний эмчилгээ зургаан сар үргэлжилнэ. Эмчилгээгээ дуусгаад, бүрэн гүйцэт эдгэснийхээ дараа есдүгээр сараас ажилдаа орно гэж бодож байгаа” хэмээн Д.Болорцэцэг багш ярив.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг

Луйварчин эмээ