Капитал банкны 250 ажилтанг ажлаас нь халжээ

Капитал банкийг татан буулгасан талаар Монгол банкнаас албан ёсоор зарласан. Тус банк татан буугдсантай холбоотойгоор Монгол банкнаас эрх хүлээн авагч томилсон. Капитал банканд хадгаламж эзэмшиж байсан иргэд мөнгөө эргүүлэн авахыг Монгол банкнаас шаардаж байгаа билээ.

Уг асуултад Монгол банкнаас хариулт өгч мэдээлэл хийлээ.

Монгол банкнаас мэдэгдэж буйгаар “Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон. Уг найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл орж ажиллаж байна. Банкан дэх мөнгөн хадгаламжийн хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ажил хийгдэж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг банкны тухай хуульд заасны дагуу

Энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрөхөд нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ байвал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, дараалалд оруулахгүй байх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны дансны, бичиг баримттай, тайлантай зөрвөл, мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл байвал, банкны хууль болон бусад хууль зөрчиж хийсэн зөрчил байвал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал хэтэрсэн бол нэхэмжлэлийг хүлээж авахгүй. Харилцлагчид Капитал банкны байранд өөрийн биеэр нэхэмжлэлээ гаргана. Орон нутгийн харилцагчид шуудангаар эсвэл өөрийн биеэр тухайн орон нутаг дэх Монгол банкны салбар нэгжээр дамжуулан холбогдож болно” гэлээ.

Мөн “ Нэхэмжлэлийг 60 хоногийн хугацаанд авах учраас заавал эхний өдөр өгөх гэж урт дугаарлалт үүсгэх хэрэггүй. Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрт үндэслэсэн тухайн банкаар гаргуулж байсан төлбөрийг хамгийн түрүүнд гаргана. Дараа нь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал болон иргэдийн даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийг буцааж өгнө. Капитал банканд ажиллаж байсан 250 хүнийг ажлаас халах шийдвэрээ танилцуулсан. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг дараагаар нь өгнө. Дараа нь Засгийн газарт төлөх өр төлбөрийг өгнө. Үүргийн гүйцэтгэлээр баталгаажаагүй төлбөрийг өгнө. Нэхэмжлэлийг түрүүлж өгснөөр түрүүлж мөнгө авахгүй. Энэ дарааллаар олгоно” гэлээ.

+ There are no comments

Add yours