Баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэрэгт банкны ажилчид оролцжээ

Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хуурамч тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан бүлэг этгээдүүдийг иргэнээс илрүүлсэн мэдээллийн дагуу саатуулсан байна. Тодруулбал, уг хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Б.Намуун, Т.Соронзонболд, Б.Энхсаруул, Б.Оюунжаргал, нарыг дайчлан баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллагын алба хаагчид Б.Намууны гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж БНХАУ-д захиалгаар хийлгэсэн хуурамч тамга тэмдэг, нотариатын дардас, хуурамч гэрээ хэлцэл зэрэг зээл авахдаа хэрэглэж байсан бүхий л техник хэрэгслийг хураан авсан аж.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг баривчлан шалгаж байгаа билээ. Тэд мөн адил 2016-2017 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны лавлагаа, тодорхойлолт, иргэдэд үйлчлэх ТҮЦ машины лавлагаа зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлддэг байж. Тэднийг шалгаж явцад банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд аж ахуй нэгжээс 44 удаагийн үйлдлээр 2,5 тэрбум төгрөг мөнгө угаах аргаар залилан мэхэлсэн нь тогтоогджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд ямарваа нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийхдээ тухайн материалуудыг үнэн худал болохыг нягтлан шалгах, их хэмжээний зээл авах тохиолдолд биечлэн очиж лавлагаа гаргахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн зээл түргэн шуурхай, богино хугацаанд гаргаж өгнө гэх зард хууртан мэхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours