Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын ЖДҮ-гийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан.

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогоор УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад өгчээ.

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон билээ.

Дээрх гурван гишүүний хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа аж. Эдгээрээс гадна ЖДҮ-гийн зээлд холбогдсон бусад төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг ч АТГ, ЦЕГ-ын 22 мөрдөгчтэй ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours