Н.Энхбаяр: Цагдаа намайг дуудах ёсгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгааг ШУУД хүлээн авч үзнэ үү.

МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сарын 18-ны өдөр C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйлсийнх нь төлөө түүнийг цагдаагийн байгууллагад дуудаж, дарамталсан тул мэдээлэл хийж байгаа аж.

Тэрбээр:

МАХН ард түмэнд, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлдэг. “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах, эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах болсон тул илчлэх нь зөв гэж үзсэн.

Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг  хэлмэгдүүлж, манай нам руу дайрч байна гэж болгоомжилж байна.

Учир нь 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болсон.

“Эрдэнэт”-ийн 49%-ийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж,  З.Баянсэлэнгэ буруутан болсон.

С.Ламбаагийн гаргасан шийдвэрийн төлөө Ц.Оюунбаатарт ял өгөх шүүх хурал яг одоо болж байна.

Үнэнийг хэлэх тогтолцоог хааж байна.

Одоо намайг гүжирдэх гэж байна. Үнэнийг ярьсны төлөө цагдаа нь дууддаг. Цагдаа, шүүх, прокурорыг яаж ажилладгийг би сайн мэднэ. Мэдүүлэг авчихаад, “Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй” гэж миний амыг үдэх гэж байна. Би тэгж амаа үдүүлэхгүй.

Үнэхээр шударга юм бол эхлээд “Эрдэнэт”-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол “ждүчин” УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд.

“Эрдэнэт”-ийн 51%-ийг яагаад одоо болтод цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг тухайн үед С.Баярын захиа даалгавраар хийсэн байж магадгүй гэж хардаж байгаа. 51%-ийг барьцаанд тавьснаас болж 100 гаруй сая долларын өрөнд унаад байгааг ярьсны төлөө цагдаа намайг дуудах ёсгүй.

Прокурорын байгууллагын Сагсайн тухай би ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг Сагсайдаж ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон.

Бидэнд ухрах, алдах юм байхгүй. Хамаг өмчөө булаалгасан, орон шоронд орсон, үхэхээс бусдыг үзлээ.

“Ждүчид”-ээ шалгах хэрэгтэй. УИХ-ын 40 гаруй хүн холбогдсон бол гишүүдийн 50 гаруй хувь нь ямар нэг асуудалтай болчихоод байна. Тэд шалгуулаагүй байж хууль батлах эрхтэй юу?” гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:

Намайг 60 тэрбумын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж  зурагтаар хүртэл баахан гаргасан. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж, ийм зүйл болсон нь тодорхой болсон. Үнэн хэлсэн хүмүүсийг дандаа гүжирддэг. Цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг.

Н.Энхбаяр даргыг цагдаад дуудсан гол зорилго нь шоронд оруулж, дугарах эрхийг нь хаах гэсэн,  Хэнтийд болох гэж буй нөхөн сонгуультай холбоотой гэж харж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн жүжиг.

МАНАН дандаа хар тамхины хэрэгт холбогдсон прокурор, шүүгчийг ашиглаж байна. Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярвьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно.

Энэ бол зөвхөн Сагсай гэдэг хүний тухай биш, тийм хүмүүсийг ашиглаад ард нь цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн суугаад байна. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр эдийн засгийн бүлэглэл байна.

Нэгэнт хэлснийх тэр бичлэгийг маргааш та бүхэнд үзүүлье. Үндэсний мэдээллийн төвийн энэ байранд 11.00 цагт хэвлэлийн хурал зарлаад үзүүлье гэлээ.

+ There are no comments

Add yours