Шүлхийн улмаас Архангай руу зорчих хориглолоо

Архангай аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тус аймагт улсын баяр наадам тэмдэглэх өдрүүдэд өөрчлөлт оруулаад байгаа билээ. Үүний зэрэгцээ тус аймаг руу зорчих аяллын маршрутад өөрчлөлт оруулж шинэчилсэн байна.

Тус аймгийн Хашаат суманд хэд хоногийн өмнө шүлхий өвчний голомт нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор сумын төв, Хөшөө цайдамын музей, бааз хорио цээрийн бүсэд орсон учраас аяллын маршрутаас хасагджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Булган аймгаас орж ирсэн машинаас үүсэлтэйгээр Архангай аймгийн Өгийнуур, Хотонтод шүлхий гарч даамжран Ихтамир суманд гарсан байна. Тавдугаар сарын сүүл гэхэд бүрэн вакцинжуулж, шүлхий өвчнийг дарж, хорио цээрийн дэглэмээ цуцалтал шүлхий өвчин дахин хонинд гарчээ. Түүний улмаас зургадугаар сарын эхээр дахин хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж буй юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед Архангай аймгийн Өгийнуураас Хашаат, Төвшрүүлэхийн Хөх сүм рүү айл оторлосноос болж дээрх сумдад хонины шүлхий өвчний голомтууд бий болжээ. Мөн Цэнхэр сумын Хүрэлхүү гэж айл Өгийнуур сумын шүлхийний голомтоос 100 эм хонь худалдаж аваачсанаас болж Цэнхэр суманд энэ өвчний голомт нэмэгдсэн байна.

Зургадугаар сарын 26-ны байдлаар, тус аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт сумдад шүлхий өвчний голомтууд бий болжээ. Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байгаа аж. Вакцинжуулалтыг аймгийнхаа гаднаас дотогш нь хумих чиглэлээр хийж буй юм байна.

Өмнө нь шүлхий гарсан байсан Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх сумдад вакцин хийгээд дуусчээ. Нийтдээ 280 мянган хонийг вакцинжуулж, нэмээд шинээр голомт үүссэн газрын 160 мянган хонинд вакцин хийжээ.

Тус аймгийн Засаг даргын зургадугаар сарын 25-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Тус аймагт анх удаа шүлхий өвчин гарч байгаа учраас туршлага дутах зүйлүүд байгаа тул тус аймгийн удирдлагууд болон холбогдох албадынхан иргэдэд зөвлөмж, үүрэг өгч ажиллаж буй ажээ.

Улсын мал эмнэлэг үржлийн газар, Онцгой байдлын Ерөнхий газраас Архангай аймагт мэргэжилтэн ажиллуулахаар болсон байна.

Шүлхийтэй тэмцэх ажлын явцад 486 орчим сая төгрөгийн өр үүсч, Засгийн газарт хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөх тухай асуудлыг тавьжээ. Эхний ээлжинд 150 сая төгрөгийг шийдэж өгөөч гэсэн санал тавьсан нь шийдэгдсэн байна. Тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, сумдын Засаг даргын хөрөнгүүд зарцуулагдаад дууссан аж.

Шүлхий өвчин нь машины дугуйнд наалдаад ч тархах эрсдэлтэй, халдварлалт өндөртэй өвчин. Тиймээс шүлхийний голомттой бүсэд иргэдийн хөдөлгөөнийг маш сайн хорих шаардлагатай байгаа аж. Хорио цээрийн дэглэмийг сайн сахиулж байж энэ өвчнийг дарж чадна гэж үзэн, багийн дарга нараар дамжуулан иргэдэд боломжит бүх хувилбараар мэдээлэл түгээж буй юм байна.

Бүх малыг вакцинжуулснаар биш, шилжилт хөдөлгөөн зогсож байж 14 хоногийн дараагаас энэ өвчин дарагдаж, эерэг үр дүн гардаг ажээ.

+ There are no comments

Add yours