Дайчин засгийн хошуу (Засагт хан аймаг) газрын зураг 

                                            XV зуунаас хойшхи үеийн Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг.
Урианхай хэмээх угсаатны нэр анх X зууны эхнээс түүхэн сурвалжуудад тэмдэглэгджээ. “Ляо улсын түүх (Ляо ши)”-д гарч буй “嗢娘罕 (ванянхань)”-ыг “урианхан” мөн гэж эрдэмтэд үздэг. Тус аймаг “Юань улсын судар”, “Монголын нууц товчоон”-д 兀良哈 (улянха), 兀哴孩 (улянхай), Манж Чин улсын албан түүхэнд 烏梁海 (улянхай) нэрээр тус тус тэмдэглэгджээ. Урианхай, урианхан гэдэг хоёр нэр нэг гаралтай бөгөөд Урианхай хэмээх үг нь “уриа дуудлагын эзэн”, ”онгодын эзэн” гэсэн утгатай гэж судлаачид үздэг.
Түүхэнд “урианхай” нэрээр тэмдэглэгдэж ирсэн овог аймаг олон бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь монгол, түрэг, түнгүс угсааны хэмээн ангилан үзэж болно.
Рашид-ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэснээр урианхад нь талын буюу “монгол урианхад”, “ойн урианхад” хэмээх хоёр зүйл байжээ. Тиймээс судлаачид “ойн урианхад”-ыг өнөөгийн түрэг гаралт урианхай хэмээн үзэж иржээ. Гэвч сүүлийн үед зарим судлаачид түрэг урианхай гэж байхгүй, Рашид-ад-Дин язгуурын монгол урианхайг хоёр хувааж ойн иргэнтэй хольж хутган ташаарч 2 зүйлийн урианхай бий болгожээ гэж үзэж байна.
Ямартай ч VIII зууны үед урианхан нар Хянганы нуруу хавиар нутаглаж байгаад, Х зууны үед нэг хэсэг урианхан нар нүүдэллэн Хэнтийн нуруу хавьд ирж суурьшжээ. XIII зууны эхээр Их Монгол улс байгуулагдаж, мянганы тогтолцоонд ороход урианхан нар хэд хуваагджээ. 9
Нэг хэсэг урианхай нар Чингис тэргүүтэй их хаадын булшийг сахих үүрэг хүлээж Хэнтийн нуруу хавьд суужээ. Юань улсаас хойш үед [Зүүн] Монголын зургаан түмний нэг түмэн нь Урианхан байсан агаад тэд энэхүү Хэнтийн нуруунд суурьшсан урианхай нарын хойчис бололтой.
Зүүн Монголд нутагшсан Урианхан XV-XVI зуунд зүүн Монголын зургаан түмний нэг гэгдэж явав. Батмөнх Даян хааны үеэс эхлэн Урианхан түмэн Монголын их хааны засаглалыг олонтаа эсэргүүцэн, бослого гаргах болжээ. 1524 онд Урианхан түмний Төрүй ноён, Гэрэбалад чинсан хоёр Халх түмний Бэсүд, Хүрээ зэрэг отгийг довтолсонд Боди Алаг хаан Цахар, Халхын цэргийг дайчлан тэднийг дарав. Бас Баруун түмний Гүнбилиг Мэргэн жонон, Алтан хан, Баясгал хүндлэн нар их хааны зарлигаар Урианханыг довтолж, Балж хэмээх газарт урианханчуудыг даржээ. Улмаар Баруун түмний цэрэг урианханчуудыг Бурхат хан гэдэг газарт байхад нь довтолж, араас нь нэхсээр Зорголын зоонд хиартал цохив. Гэвч Уранханыг бүрмөсөн бутцохиж чадаагүй учир хэдэн жилийн дараа тэд дахин толгойгоо өндийлгөж Боди Алаг хааны албат иргэдийг довтолжээ. Тиймээс 1538 онд Боди Алаг хаан зүүн, баруун түмний цэргийг дайчлан Урианхан түмнийг дайлж бүрмөсөн буулган авав. Тэгээд тус түмнийг татан буулгаж, хүн амыг нь бусад түмэнд тараан жишжээ.
Халх түмний мэдэлд багтсан урианханчууд аажмаар баруун тийшлэн одоогийн Говь-Алтай аймгийн Цээл, Тонхил, Алтай, Цогт, Ховдын Цэцэг зэрэг сумдын нутагт суужээ. Улмаар Халхын Гэрсэнз жалайр хунтайж (1513-1549)-ийн 7 хөвгүүний отгон нь болох Саму Буймагийн мэдэлд очжээ. Саму Буймагийн удмын ноёдын захирсан урианхан нарыг Манжийн ноёрхлын үед 2 хошуу болгон зохион байгуулсан нь Халхын Засагт хан аймгийн Дайчин бэйс, Дархан бэйлийн хошууд болно. Мөн Хөх нуурт Урианханы 1 хошуу байсан агаад тус хошууны ноён нь Саму Буймагийн үр удам ажээ.

Дайчин засгийн хошуу (Засагт хан аймаг)
Чин улсын үеийн Халхын Засагт хан аймгийн хошуу

Халхын баруун гарын урианханы Саму буйма ноёны угсааны Мада зоригт нь 1688 онд зүүнгарын Галдан бошогт хааны довтолгооны хөлөөс зайлан албат ардыг аван Хөхнуурын зүг дүрвэн одож хошуудын ноёдыг түшиглэн суужээ. 1704 онд Чин улсын хаанд өргөдөл гаргаж уг нутагт эгүүлэн суулгаму хэмээн гуйсанд Мада зоригтыг тэргүүн зэрэг тайж болгож харьяат ардыг тусгай засаг хошуу болгон Алтайн Эрчис, Өрөнгийн газар шилжүүлэн суулгажээ 1714 онд нас барсанд түүний хүү Тонмогт засаг, тэргүүн зэргийн тайжийн хэргэмийг залгамжлуулав. 1723 онд Хөхнуурын газар цэргийн хэрэгт зүтгэсэн тул улсад туслагч гүн болгон дэвшүүлж, Бүсхайрханы зүг нүүлгэн суулгав. 1731 онд Зүүнгарын цэргийн довтолгоонд харьяат ардууд автагдаж сарнисан тул Алшаагийн газар нүүлгэн суулгав. Мөн тус хошууны нэг хэсэг ардууд зүүнгарын цэрэгт дагаар оржээ. 1739 онд Зүүнгар-Чингийн хилийг хэлэлцэн тогтсоны сүүлээр тус хошууны ардыг уг нутагт эгүүлэн суулгав. Тус хошууны нутаг нь өмнө зүг говь цөлөөр алтны харуулд тулж, баруун талдаа захчины нутаг, нэгэн аймгийн Дархан засгийн хошуутай, хойд талдаа Эрдэнэ засаг, Баатар засгийн хошуутай, зүүн хойд талаараа хойдын Сүжигт засгийн хошуутай, зүүн талаараа Засагт ханы хошуу, зүүн өмнө талаараа Итгэмжит засаг, Бишрэлт засгийн хошуутай зах нийлнэ. Тус хошуу нь дотроо туслагчийн отог, Жаран отог, Аргалчин отог, Дархан гүнгийн отог, Харнууд отог хэмээх таван нэгжид хуваагдаж байжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Жалчингомбодоржид үе улиран Дайчин засаг, бэйлийн хэргэм хүртээсэн тул үүнээс хойш тус хошууг Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуу хэмээн нэрийдэх болов. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр Хантайшир уулын аймгийн Бүсхайрхан уулын хошуу хэмээн өөрчлөн нэрийдэж, Баянцагаан, Баянжавхлан, Баянмандал, Бүсхайрхан, Сандив, Сутай, Хансүмбэр, Ханжаргалан хэмээх 8 сумтай болгожээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Бугат, Алтай, Цээл, Дарви сумдын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

Засаг ноёдын үе залгамжлал

Мада зоригт1704-1714
Тонмог1714-1739
Ванчинжав1739-1785
Гэлэг1785-1804
Цэдэндорж1804-1811
Сономцэрэн1811-1854
Дашравдан1854-1903
Жалчингомбодорж1903-1923
Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь

+ There are no comments

Add yours