“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл цацагдаж буй. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Ногдол ашиг тараах шийдвэр гараагүй” гэсэн хариулт өгч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 тэрбум орчим хувьцааг Монгол Улсын 970 иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшдэг. Засгийн газар өмнө нь нийт 770 мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд амалсан мөнгөө өгсөн гэсэн тойм тоо бий.

Засгийн газрын зүгээс иргэд, ААН-үүдийн нэгжүүдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэлийг дахин нягтлах замаар шинэ бүртгэл явуулах ажлыг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Энэ дагуу холбогдох бэлтгэл ажлууд өрнөж буй юм. Улмаар шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэх шийдвэр гарсан билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч ААН, иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцдог нь өнөөг хүртэл шүүмжлэл дагуулсан хэвээр байна.

Орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан өмчит “жижиг” Тавантолгой  ХК сүүлийн 10 жилд цэвэр ашгаа тав дахин ихэсгэж, 150 тэрбум орчим төгрөгийг ногдол ашгаар тараасан байдаг. Харин эсрэгээрээ төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 оны байдлаар зургаан жилийн дотор 450 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, 800 тэрбумын өрөнд орсон нь анхаарал татдаг.

Тус компанийн ихэнх ашиг улс төрийн намуудын сонгуулийн амлалт биелүүлэх чиглэлд зарцуулагдаж, алдарт Чалкогийн өрийг дөрвөн Засгийн газар дамжуулан төлж барагдуулсан түүхтэй. Улмаар сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкнаас 2012 онд зээлж байсан  200 сая ам.долларынхаа 150 сая ам.долларыг  нь төлсөн байна. Саяхан  зарим хэвлэлүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 2017 онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар онцлон мэдээлээд буй.

Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаас энэ онд ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Нааштай мэдээлэл нь, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компанийн засаглалд шилжүүлэх, хувьцааг санхүүгийн зах зээл дээр гаргах чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр бэлтгэж байгаа явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.