Нууруудыг хамгаалах менежментийн сургалт зохион байгуулна

БОАЖЯ-наас Хөвсгөл аймаг орчмын нуурууд ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Цойцон, Дархадын хотгорын жижиг нуурууд болон Дөрөө зэрэг нуурын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нууруудын ширгэсэн, ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.

Судалгааны явцад нуурууд орчмын экосистемд хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, зам, харилцаа, ус ашиглалт сөргөөр нөлөөлж буйг тогтоож, бэлчээрийн даац, экологийн чадавхийн зураглал хийж, судалгааны үр дүнд суурилсан нуур хамгаалах менежментийн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, сургалтын модуль гаргасан байна. Энэхүү сургалтыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн орон нутагт хийх юм. Ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХААИС-ийн багш, эрдэмтэд оролцсон юм.

+ There are no comments

Add yours