Хэрэв ийм харамсалтай хэрэг гараагүй бол Т.Лхагвасүрэн энэ дутуу барьсан байраа гүйцээж, хөөрхий охин гэр бүлийнхээ хамтаар дулаан байшинд өвөлжих байжээ.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг завсарын буудалд байрлах талийгч охины гэрт биднийг очиход охины аав нь дүүтэй нь хамт аавындаа амьдарч байгаа гэсээр угтсан. Харин ээж нь Модерн номадсын төв оффист нягтлангаар ажилладаг бөгөөд ажлаасаа ирээгүй байв. Охины өвөө нь “жаалхан амьтан юм шүү дээ, манай охин. Хөгшин бид хоёрын дунд унтдаг. Манайд өссөн, ахыг нь Дундговийнхан андахгүй. Уртын дууч удамтай учир охин маань дөрөв, таван наснаасаа л урлагаар явсан хүүхэд. Аав нь морин хуур татаад охин маань дуулаад явчихдаг, манай гэрийн нар байлаа. Манайд дуу хуур, инээд хөөр л байлаа. Гэтэл одоо дуугарч, ярих ч хэцүү, нулимс урссан хүмүүс болов. Шөнө унтаж байгаад л ороо тэмтрээд сэрж байгаа хөгшин бид хоёрт ийм хүнд байгаа юм чинь хөөрхий муу аав, ээжид нь амьдын там болж байгаа биз гэж бодохоор арга барагдах юм…” хэмээсэн бол Т.Лхагвасүрэн аймшигтай хэрэг гарсанаас хойш гэртээ ч орохгүй байгаа тухайгаа хоолой зангируулан өгүүлсэн.

Учир нь тэдний хөршийнх буюу задгай хашааны зүүн талд мөн л задгай хашаанд аймшигтай алуурчин залуугийнх байдаг гэнэ.  Охины өвөө, “алуучид дэргэд байдаг төсөөлж байсангүй. Сэгсийсэн жаахан байхаас нь мэднэ, манай байшингийн сүүдэрт л сууж байдаг, гэрийн гадна л тоглож байдаг, өдөржин гадна суулаа, ам нь цангаж байгаа байх, өлсч байгаа байх гээд л цай, боорцог өгөөд л зээ охин шигээ л санаж явсан этгээдийг жаахан охиныг минь сэглэж, тамлаж алах алуурчин гэж төсөөлж байсангүй” хэмээн уйлах…

Т.Лхагвасүрэн, “ охиноосоо хойш гэртээ орох гэхээр орж чаддаггүй, гэртээ орохоор л эгчийгээ нэхэж уйлах дүүг нь харахаар, хөөрхөн шар охиноо хүн танихыг эцэсгүй тамлагдаж, зовж нас барсан байхыг харсан болохоор сэтгэлээс гарахгүй юм. Бодохоор  гол тасрах гэж байгаа юм шиг ихээр санан харамсаж байна. Ээжид нь бүр ч хэцүү байгаа гэж бодоод биеэ барих гэхээр чадахгүй юм, аргаа бараад л аавынхаар байна, гэртээ ч орж чадахгүй байна аа” гээд уйлсан. Эр хүний харам нулимсаа залгин байж асгаруулсан хөөрхий аавын хувьд өглөө босоод л шөнө унтах хүртлээ цагдаа, шүүхийн шинжилгээний төв, өмгөөлөгч, прокурор гэх мэтээр байнгад гадуур явж байгаа учир ажил хийх боломжгүй байгаа юм билээ.

Харин ээжииг нь ядаж хүмүүсийн дунд ороод бага боловч сатаараг гээд ажилд нь оруулаад хэд хонож байгаа гэнэ. Охины хойтын буянг Модерн номадсын хамт олон хийж өгсөн гэнэ. Маш их баярлаж байгаа ч  Есөнмөнх захиралд, мөн хамт олонд нь баярлалаа гэдгээ сэтгэлдээ хүртэл хэлчихэж чадаагүй л явна. Би заримдаа хаана яваа, юу хийж яваагаа мартчихаад байх юм. Уг нь өөрийгөө ийм уймраа, тэнэг байгаагүй санагдаад байх юм. Тэгсэн одоо юу хийгээд яах гээд байгаагаа ч мэдэхээ байчих юм. Нүдэнд үргэлж харагддаг юм охин маань. \хэсэг уйлав\ Яагаад миний охин гэж…

 ШУДАРГА ЁС БҮҮ ХЭЛ ХҮН ЧАНАР Ч БАЙХГҮЙ ШҮҮХ ЭМНЭЛГИЙНХЭН…

Анх шүүх эмнэлэг дээр очиж зургийг нь хараад огтхон ч таниагүй, яаж ч бодсон тэр жаахан, миний хэнд ч гэм хийх бүү хэл муухай зүйл ч бодож байгаагүй жаахан охиныг маань хэн хүний санаанд багтахын аргагүй зэрэмдэглэсэн байхыг хараад үнэхээр таниагүй. Миний харсан зураг дээр нүүрийг нь битүү сийчээд, уруул нь язарч, сэтэлсэн, хамар нь ямар ч ясгүй мэт мурийж, памбайсан… үнэхээр одоо төсөөлж ярихад ч хүнд байна \уйлав\ ийм зургийг хараад хэн ч охиноо гэж таних билээ дээ. Гэтэл би тэр зургийг дахиж хараад охиноо гэж таньсан, тэгж аймаар сэглэгдсэн ч гэсэн миний охины үс, дух мөн байсан. “Миний охин байна ш дээ, яаж байгаа юм бэ” гээд л орилоод л задлан хийж байгаа гэх газар руу нь орох гэж зүтгэсэн ч оруулаагүй. Ёстой арга барагддаг юм билээ…

Дараа нь охины шарилыг моргт хийсэн байхад нь гуйж байгаад очиж харсан… Хүнийг, тэр дундаа ийм жаахан охиныг яах гэж, яагаад ийм аймшигтайгаар тамалдаг юм бэ… гэхээс бас охиныхоо тийм төрхийг харсан учраас би… аав нь… би… насан туршдаа…мартаж чадахгүй нь ээ… миний охиныг дэндүү, дэндүү… болгосон байсан… Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр охиныг маань аманд нь харагдах шүдгүй гэж бичсэн байгаа. Гэтэл би морг байхад нь охиноо очиж харахад буйл нь хөхрөөд шүднүүдийнх нь завсраар цус хуримтлагдаад хатчихсан байсан. Тэгж харахад миний охины шүднүүд байсан… гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд харагдах шүдгүй гэж гарсан байгаа. Бас охины маань бие эрхтнээс бузар алуурчдын үрийн шингэн гарсан байгаа. Нэг биш удаа хүчирхийлсэн байх магадлалтайг шүүх эмнэлгээс гаргасан дүгнэлтэд дурдсан байхад архинд хордож үхсэн гэдэг дүгнэлтийг гаргасан шүүхийн шинжээч эмч нарыг, шүүх шинжилгээний дарга нарт үнэхээр гомдолтой байна.

Миний охиныг согтолт ойролцоогоор гурван шил архи уусантай тэнцэх хэмжээтэй гарсан. 13-хан настай охин шүү дээ. Хичээл, урлагийн үзлэгээс өөрөөр гэрээсээ гардаггүй, эмээ, өвөөгийнхөө өвөрт унтдаг, ээжийнхээ мөөмийг хөхөөд дүүтэйгээ хамт эрхэлдэг жаахан охин минь. Ийм охиныг маань хамрыг нь ямар ч мөгөөрсгүй болтол нь няцалж, уруулыг нь хэдэн газар сэтэлж, нүүрийг нь танигдахгүй болтол сэглээд, бүх биеийг нь ураад, хөхрүүлээд, бөгсөн биеийг нь няцлаад хаячихсан байхад архины согтолтын хэмжээ яриад байгаа шүүх эмнэлгийн эмч нарыг үнэхээр гайхаж байгаа юм. Ингэж тамласан юм чинь гэмт үйлдлээ нуух гээд тэр жаахан охины ам руу архи цутгах юу ч биш биз дээ, тэр алуурчдад…

 

 Т.Лхагвасүрэн охиныхоо урлагаар гялалзаж явсаны баримт болсон гэрэл зургийн альбомыг бидэнд авчирч өгөөд “их багаасаа урлагаар явсан. Ангийнхаа шилдэг сурагчдын нэг. Би өөрөө чөлөөт уран бүтээлч, морин хуурч болохоор охиноо үргэлж л дагаад л хамт явдаг байлаа. 33 дугаар сургуулийг төгссөн учир охиноо төгссөн сургуульдаа оруулсан. Ангийнхаа урлагийн үзлэгийн тэргүүнд л явдаг охинтой аав болохоор хэзээ дуулахад нь бэлэн хуураа аваад л дагаад явдаг байлаа. Өвөрмонголд ажиллаж байхдаа охинтой болсон. Охиныхоо нэрийг лам багшаас аваад “их содон нэр байна даа” гэхэд лам багш “усгүй газар ч ургадаг модыг Майлс гэдэг юм. Ямар ч зовлон бэрхшээлгүй, гялалзаж явахыг ерөөж ийм нэрийг өглөө” гэхэд нь ихэд бэлгэшээж баярлаж байсансан. Ийм богино насалж, ингэж тамлуулж амиа алдана гэж төсөөлж байсангүй. \хэсэг дуугүй суув\

ААВЫН ЗӨНГ ТӨӨРҮҮЛЖ, АЛУУРЧНЫ СЭТГЭЛИЙГ ХАНГАСАН ОЧИР ТӨВ

Гэрийнхээ хажууханд хөршийнхөө дүү шигээ санаж байсан залууд хамгийн харгис хэрцгийгээр тамлуулж амиа алдаж байхад аав нь мэдээгүй байдаг. Тэр тамлалыг сөрж миний охин ямар их тарчилсан бол. Аавыгаа, ээжийгээ ямар ихээр дуудаж, хүлээж байсан бол… амиа тасартал бид хоёрыг ирнэ гэж хүлээсэн байх. Гэтэл бид хоёр охиноо тамлуулж байгаа тэр газрыг тойроод л хайгаад байсан байгаа юм. Шөнө цурам хийгээгүй охиноо хайсан. Ангийн нь хүүхдүүд, айлын хашааны булан тохой, гуу жалга гээд л бүхий л газраар хайсан атлаа буудалд орж тамлуулж байгаа гэж төсөөлөөгүй. Тиймээс тэр шөнө тэр Очир гэдэг тамын газрыг хажуугаар хэдэн удаа явсаныг бүү мэд… \уйлав\ Шөнөжин айлын хашааны хаалга нүдэн, нүдээ ширгэтэл харанхуй гудамж бүхний булан тохойг ширтэж явахдаа Очир төвийн хажуугаар хэдэн удаа гарсан гэж бодно. Охиноо буудалд тамлуулж байгааг мэдээгүй, хажуугаар нь зөрөөд л хайгаад яваад байсан. Бүр маргааш нь өдөр цагдаагийн газар алуурчны дүү охин, ээжтэй нь таарахад “охин чинь олдоогүй л байна уу” хэмээн асууж байсныг яана. Гэтэл аль өглөө тэр хоёр цагдаа нарыг очихоос өмнө буудалд очоод миний охиныг яаж зэрэмдэглэж, тамласныг харсан байгаа байхгүй юу, тэр ээж, охин дүү хоёр нь.” \уйлав\

Тийм хүний үнэргүй муухай хүмүүс байсан байгаа юм даа. Шөнө би хэдэн удаа очиж тэдний хаалгыг цохиж, охиноо хайсан гэж бодно. Амарболдынд очиж, бас дүү охин гээд миний охинтой найзалдаг охиноо хэдэн удаа охиноо бас ахыг нь асууж ярьсан гэж бодно.Сүүлдээ зүгээр л ахынхаа утсыг өгчихөөч, ямар дугаар дээр байна гэж хэчнээн гуйсан гэж бодно. Учир нь би охиноо хайж яваад замын хажуугийн дэлгүүрийн гадна камер байгааг анзаарч, тэр дэлгүүрийн камерыг ухрааж үзээд миний охинтой Жавхлан, Амарболд хоёр хамтдаа микронд суусныг мэдсэн юм. Тиймээс тэр хоёртой хамт явж байна гэж мэдсэн байхгүй юу. Манай гэрийн бараг л нэг гишүүн шиг байдаг, хар багаасаа манай аавынхаар гүйгээд л аавын байнгийн сүүдэрт тоглож өссөн хоёр хүүхэд бол Жавхлан, Амарболд хоё юм шүү дээ. Миний охины төрсөн ах шиг байдаг хүмүүс. Тэгтэл  тэр хоёр миний охины амийг хэрийн хүний санаанд багтахын аргагүйгээр тамалж хөнөөсөн байна. Багаасаа охины минь дэргэд тоглож, манайхаар орж гараад явж байдаг болохоор л тэр хоёртой хамт микронд сууж, амийг нь аймшигтайгаар хөнөөх гэж буудалд дагуулж ороход нь хүртэл дагаад орсон байгаа юм. Миний охин тийм л муу хар санахгүй итгэж явсан, ах нараа гэж бодож байсан новшнууд амийг нь үзэхийн муугаар хөнөөсөн байдаг. \уйлав\

Охины амийг аймшигтайгаар хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн “үүрлэсэн” зочид буудал гэх том нэртэй Очир төв  өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар. Ёстой л зовлонг даажигнаж, зүрхийг урах мэт гаднах талбайн гэрлээ хүртэл сайжруулан үйл ажиллагаа нь өргөжин “сүр жавхлантай” нь аргагүй харагдах нь дэндүү аймшигтай санагдах. Уг төвийн эргэн тойронд амьдрах иргэдийн дуу нэгтэй баталж байгаагаар УИХ-ын гишүүний өмч, ийм учраас ийм аймшигтай гэмт хэрэг гараад байхад үйл ажиллагааг нь зогсоох бүү хэл доголдох ч үгүй байгааг харж байгаа биз гэлцэх нь оргүй үг биш санагдах… Харин тус төвийн дарга,менежер гэх эмэгтэйн хувьд бизнесээ хамгаалах гэж арчаагүй үйлдэл хийн 13-хан настай охиныг биеэ үнэлэгч байсан мэтээр мэдээлэл цацаж, талийгаачийн болон түүний гэр бүлийн нэр хүндэд  халдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.Мөн тухайн өдөр ажиллаж байсан буудлын ажилчдыг ч эс үйлдэхүйн шинжээр тус хэрэгт хамруулан хуулийн байгууллагад шалгаж байгаа нь маргаашаа хардаггүй, өчүүхэн олзонд өөгшиж, бусдын эрхийг зөрчдөг үл бүтэх этгүүдэд холбогдох сануулгыг , сэрэмжлүүлгийг өгч буй зөв хэрэг болжээ хэмээн сэтгүүлч хүний хувьд харж байлаа.

ҮНЭНИЙ ТӨЛӨӨ “ШҮХЭР” БОЛСОН ӨМГӨӨЛӨГЧИДДӨӨ БАЯРЛАЛАА

Т.Лхагвасүрэнгийн гэр бүл охиныхоо амийг хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд шүүх, хуулийн байгууллагууд шударга хандаасай хэмээн чин сэтгэлээрээ хүсч буй. Тэдний энэ хүслийг монголын ард түмэн ч мөн хүсч буй. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 16-наас орон даяар охины гэр бүлд чин сэтгэлийн хандив цуглуулах аяныг өрнүүлэн явж байгаа.

Харамсалтайгаар амиа алдсан хөөрхий охины хэрэгт  Р.Булгамаа, Д.Батбаяр, н.Энхтуяа нарын өмгөөлөгчид чин сэтгэлээсээ хандаж, үнэ төлбөргүй өмгөөлж байгаа нь  өдөр тутам цаг мөч бүхэнд бүхий л боломж арга чарга хайн охиныхоо амийг хөнөөсөн алуурчдыг шударгаар ял эдлэх ёстой хэмээн хуулийн дагуу бүхий л боломж нөхцлийг судлан хөөцөлдөж байгаа нь энэ харанхуй нийгэмд гаргаж буй гэрэл гэгээний нэг байлаа. Учир нь бүхий л зүйлд мөнгө төгрөгийн асуудал ихтэй, хөрөнгө санхүү хомсхон, хөөрхий охины өвөө, эмээгийн тэтгэврийн зээл, гэрийнхээ өнгөтэй өөдтэйгээс нь ломбардад тавиад л болгож байгаа хохирогчдын төлөө өнөөдөр эдгээр өмгөөлөгчдөөс өөр Үнэний талд зогсох “шүхэр” даанч нэг харагдахгүй байгаа.

 Тиймээс бузар булай нийгмийн нэг хэсэг болон булан тохойд үүрлэх гэмт хэрэгтнүүдээс олон зуун мянган охидыг хамгаалахын тулд аймшигт хэргийн золиос болсон Л.Майлс охины гэр бүлд туслах  хандивын аяныг сэтгүүлч миний бие санаачлан өрнүүлсэн болно. Алтан дэлхийд ирээд 13-хан жилийг туулж, аймшигтайгаар амиа алдаж, энэ улсад маань нийгэм хэрхэн өөрчлөгдсөнийг, ах дүү шиг явсан этгээдүүд алуурчин болж хэрхэн хувирдагийг өөрийн халуун амь бүлээн цусаараа харуулаад буцсан жаалхан охин Л.Майлсын сүнсэн биеийг амрааж, сэтгэлийн хөндүүрийг бага боловч нимгэлэх гэж энэхүү аяныг зохион байгуулсан юм. Энэ аянд оролцож, сэтгэлийн хандиваа өргөсөн хэн боловч охидоо хамгаалах, цаашид улам ихээр хамгаалах ёстой гэдгийг насан туршдаа санаж явах байхаа хэмээн итгэсэн юм.

 Энэ бүхний учралын үндсэн дээр  охины аав Т.Лхагвасүрэн  ХААН банкны 5447327320 гэсэн хандивын данс нээсэн. Мөн ямарваа нэг хандив авах дансыг өмнө хэрэглэж байсан дансаар авч болдоггүй, тухайн  хэрэгт зориулан заавал шинээр нээдэг гэсэн учир ийнхүү дээрх дансыг нээсэн болно.  Мөн уг ажлыг санаачлан, зохион байгуулж байгаа сэтгүүлч миний хувьд ийм хандивын арга хэмжээ зохион байгуулж байгаагүй, туршлагагүй учир ямар нэгэн байдлаар иргэдээс ирүүлж байгаа хандив тусламжийг зохих эзэн нь шууд хүргэхээр зохион байгуулсан болно. Тиймээс надтай холбогдож, надаар дамжуулан уг гэр бүлд туслах шаардлага байхгүй бөгөөд өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Батбаяр нарын хэнтэй ч холбогдож шаардлагатай мэдээлэл авах боломжтой юм шүү.  Мөн нэгэнт хөөрхий гэр бүлд туслах гэж эхлүүлсэн ажил учир бага нь багадахгүй өгч байгаа хандивын тэд өөрсдөө өдөр тутмын зарлагадаа зарцуулах эрхтэй байх хэмээн бодсон болно.

АЛУУРЧИД НЬ ХОХИРОГЧООСОО ЭРХТЭЙ ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ИРГЭД НЭГДЭЖ ЧАДНА

Хөөрхий охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, саатуулагдсан Амарболд, Жавхлан гэгч этгээдүүд тус бүрдээ нэг өмгөөлөгчтэй юм байна. Амарболд гэгчийн өмгөөлөгч нь Монгол Улсын гавьяат хуульч, эрүүгийн хэргийн мэргэшсэн өмгөөлөгч н.Оюунцэцэг юм байна. Харин Жавхлангийн өмгөөлөгч нь н.Цэрэнпунцаг гэдэг олон жил хуулийн байгууллагад ажилласан, танил тал хүрээлэл ихтэй хүн байгаа гэсэн. Сэжигтэн этгээдүүдийн ар гэрийнхэнээс нь авсан мэдээллээр  Амарболд өмгөөлөгчөө 2 сая, Жавхлан өмгөөлөгчөө 14 сая төгрөгөөр хөлсөлсөн. Амарболдын ах нь Солонгост ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэдэг мэдээллийг Т.Лхагвасүрэн хэлж байлаа.

Энэ бүхнийг дурдах болсон шалтгаан нь охины хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлүүлэхэд маш их хөрөнгө, төсөв хэрэгтэй юм байна. Хэдийгээр сайхан сэтгэлээр хоёргүй зүтгэж байгаа одоогийн өмгөөлөгчид мундаг хэдий ч мөнгөөр “зодож” байгаа нөгөө талтай хүчин мөхөсдөхийг хэн ч хэлж мэдэхгүй юм.

Тиймээс иргэн хүний хандиваас гадна, шударга үнэний төлөө, охидын амийг хөнөөчихөөд ял завшиж болохгүй, хамгийн хатуу ялыг эдэлж, үйлээ эдлэх ёстой гэдгийг алуурчдад ойлгуулах, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, чин сэтгэлээсээ туслахад хөрөнгө санхүүгийн хувьд их нь их, бага нь бага гэхгүй шаардлагатай юм байна хэмээн өөрийн эрхгүй бодогдсон.

Энэ утгаараа сэтгүүлчид, хувь хүмүүс, найз нөхдийн тусламж маш их хэрэгтэй байна. Та бүхэн маань чин сэтгэлээсээ хандаж, сэтгүүлчид найзууд маань зөв мэдээллийг цааш нь түгээж өгч, харин сайхан сэтгэлт монголчууд маань хандив тусламжид өгөөмөр сэтгэлээр нэгдээрэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч дээрх хандивын аяныг зохион байгуулсан юм. Алуурчид нь хохирогчдоосоо илүү эрхтэй энэ нийгэмд шударга ёсны төлөө монголын ард түмэн нэгдэж чадна. Тийм аймшигтай хэргийг хийж чадсан новшийн алуурчдад аймшгийг мэдрүүлж, алдааг нь яс маханд нь тултал ойлгуулж, ухааруулах ҮНЭН гэж байж л таараа. Гэм зэмгүй жаалхан охиныг дэндүү харамсалтайгаар амийг нь хөнөөсөн зүй бус алуурчдад гишгэх газар үлдээхгүй. Ингэж байж монголынхоо зуу, мянга, сая охидыг хамгаалах, тэднийхээ төлөө шударга тэмцдэг нийгмийг бүрдүүлэх болно хэмээн итгэсэн юм. Энэ итгэл маань хэзээ ч бөхөхгүй, үргэлжлэх билээ…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Сэтгэгдэл үлдээх

8 thoughts on “ЗОГС. ДЭРГЭД ЧИНЬ АЛУУРЧИН…”
  1. Сөрөг аллага л хий л дээ. . . . . Алаач. Хариу г өгж олноор нь алаач

  2. Ter tseenpuntsag Oyuntsetseg geh 2 umguuluhchid ni uursduu bas zvirlen bodoh ohintoi bailgvi arai ter ih mvngvniihvv bool ni bolj buruu shiid gargahgvi bailgvi dee. Mongol hvn hoid nasaa bodoh baigaa daa.ter aluurchdiig gishgeh gazargvi boltol ni ar geriinhniig ni bodoh bodolgvi boltol temtsey.vnheer vzen ydaj bna vzen ydaj bna

  3. Mongoliin buh irgen ohiniig hairlaj baina uruvduj bn, hezeech ter uurchdiin muu t1 mungu awad bichij bga oliggui chadalgui uhamsargui heden setguulch ner zusen am n gar n buzartsan hognuudiin ugend itgeh hun gj baihgui, betgii sanaa zov ohinii talaar yamarch tailbar hiih hereggui bugd medej bgaa uilee uureh gd sain huraag hognuud hunuu sugnuud, minii nulims ayga ugaj bhd zgr suj bhd huuhdudee huhuuled suj bhd untaj bhd gent l ehertataad uilah yum um mani badmi hum , amidiin tam gej ymr hetsuu ve huurhii ohin min chi yamar ih uvduj shokond orj uvduj bgagach medehgui zoduulj haravsan bhvdee huurhii min yagad ve

  4. Ичдэггүй ийм новшнуудыг өмгөөлж байдаг таарсан өмгөөлөгч нар, заавал үнэн ялаасай. Монголын хууль ийм л арчаагүй болчихоод байгааштээ. Хэн танил тал мөнгөтэйд нь үйлчилдэг

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.