Хот хоорондын хөдөлгөөнийг зогсоожээ 

Арвайхээр- Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд өнгөрсөн шөнө хүчтэй адар бороо орсны улмаас төмөр бетон гүүрний далан сэтэрчээ. Иймээс дээрх чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Төмөр бетон гүүрний даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.

Хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй байна. Тухайлбал, Хяргас нуур Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам үерт автаж, засах шаардлагатай болсон.  Тээврийн хөдөлгөөнийг хаагаад байсныг саяхнаас нээжээ. Тус авто замыг Увс аймгийн АЗЗА компани ажиллаж, нэг эгнээг нь зассан. Үргэлжлүүлэн дахин нэг эгнээг засаж буй юм.

Увс аймгаас 7 км газарт ширүүн аадар борооны улмаас мөн улсын чанартай авто зам эвдэрсэн байна. Энэ мэтчилэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гарч байгаа эвдрэл гэмтлийн улмаас хот хоорондын зорчигч тээврийн зарим үйлчилгээ саатаж байгаа гэдгийг  холбогдох албаныхан тодотголоо. Үүнээс гадна Элсэн тасархайн гүүр мөн суулт өгч хаахаас аргагүй болсон аж. Одоо 400 орчим км замыг түр нээснээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжоор хангасан. Тус яамнаас гаргасан тооцоогоор авто замын эвдрэл гэмтлийг засахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай.

Улсын төсөвт суулгасан байсан хөрөнгийг тус яам наадмаас өмнө авто замуудаа сэргээн засахад зориулж, зарцуулсаар дууссан. Одоо ямар ч хөрөнгө, мөнгөгүй болсон. Тиймээс энэ асуудалд Улсын Онцгой комисс анхааралдаа авахыг хүсэв.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours