МАХН ахмад гишүүд Н.Энхбаярыг өмөөрлөө

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон бусад төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Н.Энхбаяр дарга ирж оролцоно гэж байсан ч БНСУ-ын Элчин сайдтай уулзах шаардлага тулгарч ирж чадсангүй. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан.  Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй.  Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон” гэв.

Харин МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хамгийн хариуцлагатай.  СЕХ бүртгэх эсэх тухай асуудлаа 2-3 хоногийн дараа гаргах гэж байна.  Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөн луйвраар явагдахын дохио юм болов уу гэж бид дүгнэж байна.  Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна. МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуульд сүүлийн 5 жил эх орондоо байсан байх ёстой гэсэн байдаг. Бидний бүрдүүлж өгсөн материалаар Н.Энхбаяр нэр дэвшихэд бүрэн тэнцэнэ.  Н.Энхбаярыг Монгол Улсад байнга оршин суусныг батлах материал бий. Тэр энд амьдарч байсан, цалин хангамжаа авч байсан, оршин сууж байсан хорооны тодорхойлолт зэргийг өгсөн. Н.Энхбаяр дипломат пасспортоор гадаадад зорчиж эмчилгээ хийлгэж байсныг энд дурдах ёстой” гэсэн юм.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours