Бид хүүхдээ хайрлаж чадаж байгаа юу. Бид хэнд итгэж, хэнд найдаж, үр хүүхдээ эрүүл, саруул эндэгдэл, алдаагүй өсгөх ёстой вэ. Магадгүй, дэргэдээ байгаа хүн араатныг танихгүй, үр хүүхдээ үлдээж, тэднийгээ нулимсанд живүүлж, зовлонд унагааж байгаа юм биш биз. 10 нас ч хүрээгүй байж, гараасаа хөтлөн амиа хорлож байгаа охид, ид хөөрч хөгжиж байх насандаа байгаа алдрайхан хөвгүүд маань цусаа ханаж, байшин дээрээс үсэрч, амьдралын үнэ цэнийг үхлээр хэмжиж байгаад хэн буруутай юм. Балчирхан үрээ хэнээс хамгаалж, хэнээс болгоомжлохыг нь сануулах ёстой юм бэ. Бидний амьдралд ямар гэрэл гэгээ байна? Энэ бүх асуултад хариулт авах эрхтэй би Монгол Улсын иргэн. Гэвч эдгээр асуултад маань хариулах Монгол Улс маань хаана байна вэ…?

 

…Таван настай хүүтэй хамт амьдардаг. Харьяаллын цэцэрлэгтээ багтаж орж чадаагүй болохоор гэртээ орхиод ажилдаа явахаас өөр аргагүй. Өдрийн найман цагийн ажилтай хэдий ч үйлчилгээний газарт ажилладаг болохоор цаг сунгаж ажиллах энүүхэнд. Хүү болохоор хөл гараа хөлдөөчих вий гэж санаа зовохоос хэн нэгэнд хүчирхийлүүлнэ гэж бодож байсангүй… даанч яав даа… хэмээн мэгшин уйлах бүсгүйг дөнгөж 30 гарч байгаа хэдий ч хэдийнэ 50 хүрсэн мэт овортой, цөхөрсөн харагдана. Тавхан настай хүүгээ зүй бус гэмт хэргийн хохирогч болоод зогсохгүй, хэрэг биш хэргийн гэрч болоод буйд хөөрхий ээж цөхөрч, мохоод буйгаас хэдхэн хоногт ийнхүү хөгширсөн байгаа нь энэ.

Хохирогч хүү орон нутгаас шилжин ирээд хотын захын хороололд амьдардаг гэр бүлийн гишүүн. “Задгай” хаягтай хөөрхий ээж, хүү хоёрт наашаа харсан бүхнийг царайчилж явсаар ээж нь нэгэн зочид буудлын угаагчаар ажилд ороод хагас жил болж буй гэнэ. Харин таван настай хүү өглөө ээжийнхээ бэлтгэж өгсөн жаахан хүнсээр өөрийгөө торгоож, гэртээ үлдэнэ. Өдөржин гэртээ ганцаараа байгаа хөвгүүнд хамар хашааны халзан толгойтой ах сүүлийн үед байнга халамжилж, хэд хэдэн удаа маруужин авч өгсөн гэж байгаа. Хөрш ахын сайхан зантайг магтан ярих хүүгээ өхөөрдөн тэрүүхэндээ амьдралаа болгож явсан бүсгүйд хаврын хавсаргатай хамт хар мэдээлэл ирсэн нь хүүгийн бие тааруухан, эмнэлэгт байна гэсэн мэдээлэл.

Утасны дуудлагаар хар хурдаараа эмнэлэгт гүйж ирсэн ижийг угтсан төрх… амьсгалах бүрд цус дуслах цонхийж цайсан царайтай хүү… нулимсанд бүрэлзэх эмчийн “хүү чинь шулуун гэдсээрээ их цус алдсан байна. Цус сэлбэх хэрэгтэй…” гэснээс цааш сонсч чадаагүй сөхрөөд унасан хэмээн  нулимсаа залгин өгүүлсэн 30 настай бүсгүй…  Үүнээс хойш дөрвөн сар өнгөрч, хөвгүүн явж чаддаг болсон ч хэнтэй ч юу ч ярихаа больчихож. Харин хөвгүүнийг хүчирхийлэгч этгээд эдүгээ ээжийг нь шар махтай нь хатаах болж. Гэмт этгээд “гомдлоо буцааж ав, алчихаж чадна шүү, та хоёрыг” гэдэг үгийг хэлдэг гэнэ… Хорхойд хоргүй амьдарсан атлаа хар хорхойд хатгуулан амьдардаг ийм хэчнээн ээж, хүү, охин энэ улсад байна вэ, хүмүүс ээ. Хүн төрөлхтөн атлаа араатнаас доод төрөлд амьдарч, хөөрхий нэгнийгээ тамалж, зовоон амьдрагчдыг хэн хэзээ шийтгэх ёстой юм бол…?

Шүүхийн шинжилгээний газарт бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн улмаас шинжлүүлэгчдийн 45.6 хувь нь буюу судалгаанд хамрагдсан 300 хүний 881 нь 0-19 насныхан байна. Хамгийн гол нь хүчингийн гэмт хэргийн хохирогчдын дөрвөн хүн тутмын гурав нь ураг төрлийнхөндөө, нагац, үеэл, ойрын хамаатан, хойд эцэгтээ хүчиндүүлсэн байх юм. \эх сурвалж: Хүчирхийллийн нөлөөгөөр охид, залуу эмэгтэйчүүдийн дундах БЗДХ, ХДХВ-ийн халдварт өртөлтийн байдлыг үнэлэх судалгаа. 2016 он\

 Эндээс харахад эцэг эхчүүд хүүхдээ танихгүй хүнээс болгоомжлуулаад байхаас таньдаг хүнээсээ бас болгоомжлох ёстойг сануулдаггүй нь энэ гэмт хэргийн хохирогч болох эхлэлийг тавих болжээ гэхэд хатуудсан болохгүй нь. Учир нь ойрын хамаатан ураг төрлийнхөндөө хүчиндүүлсэн хохирогчид ихэсч байгаа гэнэ. Энэ байдлыг өөгшүүлж, нэмэгдүүлж байгаа бас нэгэн хүчин  зүйл бол бага насны хүүхдүүд хохирогч болсон энэ хэрэгт томчууд тохиролцон нууцалж дардаг байдал гэнэ. “Нэр нүүрээ бодож байна”, “хамаатан ах дүүс” гэсэн шалтгаанаар  томчууд хоорондоо тохиролцож, шийдвэр гаргадаг нь  хүүхдийнхээ хожмын ирээдүйг балладагийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд онцолж байсныг дурдах нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд хүчиндүүлсэнээ мэдэхгүй, ойлгохгүй өнгөрдөг гэнэ. Учир нь тэд жоохон. Юмны учир байдлын цаад учрыг ойлгох хараахан болоогүйтэй холбоотой. Энэ байдлыг нь ашиглаж томчууд ийм шийдвэр гаргадаг гэнэ. Гэтэл ийм байдалд өртөж хохирсон хүүхдүүд том болж, сургуульд орж, нийгэмшиж эхлэхээрээ өөрийгөө хүчиндүүлж байсныг олж мэддэг байна. Бүхнийг ойлгох үедээ сэтгэл санааны цохилтод дарамтанд орж, гэрээсээ дайжиж, буруу замд орох, зарим нь бүр амиа хорлох үйлдэл гаргадаг аж. Тиймээс хор уршиг ихтэй энэ хэргийг хамаатан садан, нэр нүүрээ бодож байна хэмээн мунхаглах биш гэмт этгээдэд зохих хариуцлагыг нь үүрүүлж, үр хүүхдийнхээ ирээдүйд буртаг болох шийдвэр гаргахгүй байх нь хохирогчийн гэр бүлийн хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Нөгөө талаар гэр бүлийн ойрын хүний хүчирхийлэлд байдаг бага насны хүүхдүүдэд хүчирхийлэгч этгээд “охиндоо хайртай аав нь,  өвөө нь, агаа нь ингэдэг юм” гээд ойлгуулчихдаг. Нийгэмшээгүй, мэдээллээс хол хөөрхий хүүхдүүд тэрхүү бузар хэргийг нь “байх ёстой зүйл” мэтээр хүлээж аваад дасчихсан байдаг гэнэ. Тэгээд сургуульд орох, нийгэмтэй харилцаж эхлэхээрээ ах, аав, өвөөгийнх нь үйлдэл буруу зүйл болохыг мэдэрч, өөрийгөө доромжлуулж байсныг мэддэг. Ингэснээр өөрийгөө буруутгаж, нийгмээс тусгаарлаж, өширхөж, амиа хорлох хүртлэл үйлдэл гаргадаг ажээ.

… Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тоон мэдээний дунджаас харахад жилд хүчингийн гэмт хэрэг 300 орчим, биеэ үнэлэхэд зуучилсан, хүн худалдаалах гэмт хэрэг 20-30 бүртгэгддэг. Шүүхээр шийдвэрлэгдэж буй хүчингийн, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 2016 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн байна.  Судалгаанд оролцсон 300 хүний  29.4 хувь нь насанд хүрээгүй, дөрвөн хүн тутмын гурав нь ямар нэгэн байдлаар ажил эрхлээгүй байсан. Хохирогчдын боловсролын түвшин 10.8 хувь нь баклаврын, 37.7 хувь нь бүрэн дунд, 16.4 хувь нь бага боловсролтой, 6.2 хувь нь боловсролгүй иргэд байсан. Хохирогчдын таван хүн тутмын гурав нь эргээд хэвийн амьдралд орж, нийгэмшин, тэгш эрхтэйгээр амьдрах боломж нь алдагдсан. Орон гэргүй, ажилгүй, тогтвортой гэр бүлгүй болсон. Судалгаанд хамрагдагчдын 65 хувь нь 5-29 насныхан байсан байна.

Судалгаанд хамрагдагчдын хоёр хүн тутмын нэг нь хүчин, 53.7 хувь нь ураг төрлийн хүчингийн хохирогч, 13.8 хувь нь бэлгийн мөлжлөгийн хохирогч, нэг хувь нь ижил хүйстэний хүчингийн гэмт хэргийн хохирогч болж байжээ. Хамгийн харамсалтай нь судалгаанд оролцогчдын гурван хүн тутмын нэг нь насанд хүрээгүй байхдаа, 10 хүн тутмын ес нь 24 хүртэлх насандаа энэ гэмт хэргийн хохирогч болж байсан. Хүчин, бэлгийн хүчирхийллийн улмаас таван хүн тутмын дөрөв нь сэтгэл санааны ямар нэгэн өөрчлөлтөд орж байсан. Үүнд, сэтгэл гутралд орж, айж цочдог болох, дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлох тухай бодох болсон бол 13 хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан байдаг. \эх сурвалж: Хүчирхийллийн нөлөөгөөр охид, залуу эмэгтэйчүүдийн дундах БЗДХ, ХДХВ-ийн халдварт өртөлтийн байдлыг үнэлэх судалгаа. 2016 он\

Энэ бол судалгаа. Улаанбаатар, Өмнөговь, Дархан-Уул аймгийн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан 300 хүнд хийсэн судалгааны дүн. Харин гэмт хэргийн хохирогч болсон ч зохих байгууллагад мэдэгдээгүй, мэдэгдэхийн хүсээгүй, мэдэгдсэн ч жагсаалтын ард үлдсэн хэчнээн хүн цаана үлдсэнийг хэн ч мэдэхгүй. Хэзээ ч бодож, зүүдэлж байгаагүй гэмт хэргийн хохирогч болон насан туршдаа зүрхэндээ хар толботой, хар дарж зүүдэлж сэрдэг, сэтгэл санаа нь түмэн зовуурьтай аавын хүү, ээжийн охин хэд байгаа бол… тэдний амьдралыг сүйтгэсэн атлаа гэмгүй царайлан бидний дунд тэнүүчлэх хүн сүгүүд хэд байгаа бол… Тэдэнд хэзээ, хэн, хаана ямар ялыг ногдуулж, ямар шийтгэл оногдуулах юм бол. Энэ бүхэнд хариулах Монгол Улс маань хаана байна…?

Сэтгүүлч С.Баяр

 

Сэтгэгдэл үлдээх

6 thoughts on “Ирээдүйгээ яаж хамгаалах вэ”
  1. ter 5 nastai huug huchirhiilsen eejtein tsug alna geed bga hund tur tumur nuure haruulah heregtei

  2. ter 5 nastai huug huchirhiilsen eejtein tsug alna geed bga hund tur tumur nuure haruulah heregtei

  3. mongol uls tor zasag mongol huuhduudee hatuu hynaltand avah heregtei bna. amerikt jishee n eceg eh n hynah osgoh gui bol uls n avch tusgai asramjind humuujuuldeg shig mongol uls tor mongol huuhduchadvarudee avch zov zamaar zov osgoh heregtei.ireeduin mongol irgen shuu dee.

  4. хүүхэд хамгаалдаг системээ өөрчлөх цаг болсон. өнөөдөр манайд төрийн хамгаалалтад өгч байна гээд асрамжийн газар аваачиж өгсөн хүүхэд хагас зэрлэг хүн болж өсдөг нь хэний буруу вэ. аль тогтолцооны гажиг вэ гэдгийг бас бодох хэрэгтэй юм. эцэг эх байх эрхийг нь хасвал баярлаад явах өчнөөн хүн төрхтэй амьтад бидний дунд бий. тэгсэн атлаа эзэнгүй нохой шиг төрж, энд тэнд хүүхдийн зовлонг бүрдүүлж байдаг тэр араатнуудыг бас яах ёстой вэ… гэх зэргээр шийдвэрлэх асуудал их бий

  5. iim buzar hergiig olon niiteeree helelcej jigshij hun bur oilgoj muu yumnaas buh huuhdiig hamgaalah heregtei bna. iim buzar muuhai hereg hiisen huniig mash hatuu shiitgej ceerlej baival caashid gazar avahgui zogsooj chadna gej bodoj bna

  6. mongold iim buzar gaj dontonguudiig 3 uer n ustgaj baival taarna
    ter ydarsan eh huu hoeriig burhan min iveeldee avaasai

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.