Deprecated: Required parameter $args follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41

Deprecated: Required parameter $output follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41
ШОРОНД ЦӨХӨРЧ, ХУУЛЬД СӨХӨРСӨН МОНГОЛЫН ЗАЛУУС – www.murch.mn

Нэгэнтээ цөхөрсөн монголчууд, цунамид залгигдаж байна… хэмээн ярихыг сонсоод юу ч сүржин юм гэж бодоод л өнгөрсөн билээ. Нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэн л бол хуулийн хариуцлага хүлээх нь ёсонд нийцнэ. Учир нь энэ олон гэмт хэрэгтнүүдийг шоронд нь хорихгүй л бол нийгэм тэр чигээрээ замбараагүйдэлд орох биз хэмээн бодож байв. Харин тун удалгүй миний энэ бодол ташаарал төдийгүй, цаасан дээр бичигдсэн цөөн хэдэн үг монголын хэчнээн идэр залуусыг залгиж байгааг өөрийн нүдээр харсан.

“Ганцхудаг” хэмээн нэрлэгдсэн нүдэнд хүйтэн, жавар ихтэй саарал байшингууд байдгийг олон хүн мэдэх байх. Хотын зүүн хойд талд байрлах тус газрыг хүмүүс залхаан цээрлүүлэх газар гэдгээр нь дэндүү сайн мэднэ. Тэнд 12-60 насныхан буюу хүүхдүүд, эрчүүд төмөр торон ханаар хорвоогоос тусгаарлагдан амьдархчаан аяддаг. Миний хувьд тус газарт ажлын шаардлагаар жилдээ 3-4 удаа очих нь бий. Хүйтэн ширүүн орчинг мэдрүүлсэн сараалжин төмөр тороор бэхлэгдсэн хүнд төмрөн хаалга, хахирган хоолой, үл итгэсэн харцаар битүү шинжин сонжих үүдний харуул… гээд л сэтгэлд хүйт оруулсан олон зүйлийг тэндээс хүн болгон мэдэрдэг.

Гурав, магадгүй дөрвөн сарын өмнө тус газрыг зорих шаардлага гарсан надад. Хэдийгээр тус газарт удаагүй ширүүн харцтай ч цаанаа л нэг гундсан төрхтэй. Нар салхины бараа цөөн хардагаас цонхигор цагаан гэхээсээ илүү үнсэн саарал гэмээр царайтай эрчүүдийн нэвт ширсэн харцаар сүлбүүлэн алхсаар ажлаа бүтээгээд буцсан надад гарах хаалганы орчимд нэгэн захидал ирснийг цүнхэндээ лавхан шургуулаад л мартчихаж, хэсэгхэн хугацаанд…

“Ганцхудаг”, зарим хүмүүс нэг худаг хэмээн хэлэхээс ч цээрлэн цэрвэх  тус газарт амьдрагчдын дийлэнх нь гэмт хэрэгтнүүд. Тэд бусдын эд зүйлийг хулгайлж, дээрэмдэж, бүр цаашлаад хүний амийг хөнөөж, хүчиндсэн гэмт хэрэгтнүүд. Гэмт хэрэгт их бага гэж байдгүйн адил тэдний үйлдсэн нүгэл нь ил хойно, эдлэх ял нь ч бас ил байх нь хэр… Миний бие ийн боддог байсан, мөн ингэж ч ханддаг байв, өөрийнхөө хэмжээнд. Мэдээж надтай хамт очсон үзэг нэгт андууд маань ч мөн л ийн бодож байгаа нь нүдэнд нь илхэн байсан болохоор бодолдоо итгээд л толгой гэдгэр алхсан, тэнд. Гэтэл энэ эндүүрэл байсан. Нэг үгээр хэлбэл, үнэнээс хэлбийсэн эндүүрэл байсан гэж хэлж болно байх. Монголчууд хэн нэгнийг шоронд хоригдсон л бол түүнийг хэн байх нь хамаагүй, ялтан хэмээн ялладаг. Яллахаар барахгүй нийгмээс тусгаарлаж, нэг үгээр хэлбэл амьд ертөнцийн данснаас нь хасдаг. Тэгвэл бидний энэ байдал гэмт хэрэгтний хар дансанд өршөөлгүй орж ирсэн, гэмгүй атлаа гэмтэй болж, гүжир гүтгэлэг, гэнэн насны аагаар ганц л удаа хазгай гишгэсэн тэр нэгэн залууг, хөвгүүнийг энэ хорвоогоос үүрд тасладаг байж. Тиймээс ийм л золиост өртсөн хэсэг залуус хэвлэлд хандахыг хүсч, хүнд хэцүү харуул манааг давж, тус газраас гарахын алдад арай гэж намайг гүйцэж ирсэн нь үрчийж, үнгэлэгдсэн тэрхүү захидал байлаа. Ингээд тэрхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

“…Монголын төрд томоохон байр эзэлдэг экс спикер Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа, би монголд 100 жил хүчин төгөлдөр үйлчлэх Эрүүүгийн хууль баталсан гэж байсан. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлсэн шиг монголын хөрсөнд 100 жил цэцэглэх тэр л хуулийн зүйл заалтаас болж өдгөө мянга мянган залуус “залгигдаад” байна. Тавхан жилийн дотор энэ хуулийн заалтаар яллагдсан залуусын тоо хэдэн арван мянгаар тоологдож, тэртэй тэргүй ачааллаа дийлэхээ байсан шоронгийн модон наар, төмөр хана зовлонд сөхөрсөн залуусын цусанд дэвтэж байна. Одоогийн мөрдөж байгаа, Ц.Нямдоржийн 100 жилийн баталгаа өгөн байж баталсан Эрүүгийн хууль одоогоос зургаан жилийн өмнө буюу 2002 онд шинэчлэгдэн батлагдаж тэр жилийнхээ есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Харин энэ хуулийн “буян”-аар өнөөдөр 1500-хан төгрөг хулгайлж 15 жилийн ялаар шийтгэгдэж байхад арав, хорь, гучин тэрбумаар идсэн луйварчин найман жилийн ялаар, хамсаатныг нь торгох ялаар шийтгэж байна. Эндээс харахад Эрүүгийн хууль хатуу чанга юм шиг өнгөн дээрээ харагдаж байгаа ч луйварчдыг давраасан алдаатай батлагдсан гэдэг нь илхэн. Тэгэхээр луйвар их тусмаа ял хөнгөн, харин хохирлыг харахгүйгээр үйлдэлд нь өгсөн ял хүнд. Нэг үгээр хэлбэл гурван удаагийн үйлдлээр 1500 төгрөг хуйлгайлсан бол 10-15 жилийн ялтай. Харин хохирлын хэмжээ хамаарахгүйгээр үйлдэлд нь оногдуулдаг заалтаар бол тухайн этгээдийн нийгэмд учруулсан хохирол хэдэн тэрбум төгрөг байх нь хамаагүй, анхны гэдэг үгээр зүйчлэгдэн торгох болон цөөн жилийн хоригдох ялаар чөлөөлөгдөнө. Ингэснээр санамсаргүйгээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өнөөдөр энэ л гажуу заалтаар ажиллаж, зах зээлийн нийгэмд ядарч, бүдэрч, бага олзыг их хэмээн харж шүүрэх гээд насны харуусалд унадаг.

Харин мэргэшсэн, сурсан гэмт хэрэгтнүүд уг хэргээ дахин давтан үйлдэж байна. Үүний жишээг холоос хайх хэрэггүй, бас энд бичиж нурших ч хэрэггүй… Тусгаар тогтносон Монгол Улсын маань ирээдүй болсон залуус өнөөдрийн нийгэмд хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь боолын хөдөлмөр эрхлэх гэж харийн орон руу зүтгэж, нөгөө хэсэг нь үйлдсэн ялаа үүрэх гэж шоронгийн төмөр торонд торлогдож байна. Алдаа ихтэй Эрүүгийн хуулиас болж идэр залуу насандаа алдаж эндсэн залуус энэ насныхаа дийлэхийг шоронд өнгөрөөхийг хүсэхгүй байна. Бид Монгол Улсын иргэн, нэг удаа алдсан ч дараагийн удаа алдахгүй байх эрмэлзэлтэй залуус. Биднийг алдаагаа ухаарч засрахаас илүүтэй, аймшигт хуулийн заалт хэмлэн мэрж, цөхрөл, үхэл өөрийн дураар залгиж байна. Хамгийн харамсалтай нь ар хударгаар маань эх нутагт минь шигдсэн хятадууд төрсөн нутагт маань дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болов. Тиймээс хийгээгүй хэргийн өмнөөс золиос болж, хэрэг хийсэн мэт ял эдлэхийг бид хүсэхгүй…” хэмээн захидлаа төгсгөсөн байлаа.

2008.12.28

 

 

Leave a Reply

Your email address will not be published.