Агаарын бохирдлыг бууруулахад тэрбээр ямар төлөвлөгөөтэй байгааг та бүхэн түүний хэлсэн үгнээс уншина уу.
У.Хүрэлсүх:
“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн, онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа “Агаарын бохирдлыг бууруулах” асуудлаар үндэсний чуулганыг санаачлан, цаг үеэ олсон, тулгамдсан чухал асуудлыг хөндөн, хамтын шийдвэр гаргахаар хэлэлцүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Ерөнхий сайдын хувьд ч үүнийг би бүрэн дэмжиж байна.
Хүн амьсгалах агааргүйгээр нэг ч хором байж чадахгүй. Цэвэр агаар бол амьд явахад юунаас ч илүү үнэ цэнэтэй зүйл юм.
Үе үеийн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд анхаарал тавьж цөөнгүй ажлууд зохион байгуулж, нэлээд хөрөнгө зарцуулсан байна.
Гэвч үр дүн хангалтгүй, Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй хэвээр байна.
Агаар, орчны бохирдол нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засгийн чадавх, ард иргэдийн амьдралын түвшин, хэрэглэж байгаа техник технологийн хоцрогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Энэ бүхнийг судлан тооцож, Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд мэдээж, ихээхэн санхүүжилт, төсөв шаардлагатай. Бид эхний ээлжинд дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах шаардлагатай.
2010 онд батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар түүхий нүүрс, автомашин, органик бодис, суурин эх үүсвэр зэрэг бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвт ордог болсон. Үүний дүнд жилдээ 12-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байна.
2015 онд хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан татан буугдаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилт эрс буурч, эдгээр төлбөрийн орлого зориулалтын дагуу зарцуулагдахгүй болжээ.
- Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.
- Иймд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн бариад байна. Засгийн газрын тусгай сан байгуулагдсанаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, авах арга хэмжээний цар хүрээ өргөжиж тодорхой үр дүн гарах боломж бүрдэнэ.
- Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь үйл ажиллагааны гол чиглэл байх болно. Үүний тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, дулаан алдагдлыг бууруулах шинэ техник, технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авах, нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх технологийг шуурхай нэвтрүүлэхэд төр хувийн хэвшлийн харилцан түншлэлийг бүрэн ашиглах хэрэгтэй.
- Үүний зэрэгцээ орон сууцжуулж, гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн тоог бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах нь чухал байна. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ хот байгуулах тухай саналыг дэмжиж байна.
- Агаар орчны асуудалтай хамааралгүй нэг ч яам, төрийн байгууллага байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хариуцлага, сахилга, санаачлага, идэвх зүтгэл, ил тод байдал нэн чухал.
- Төсөв, санхүүгийн хүндрэлтэй энэ цаг үед манай засгийн газрын бүх түвшинд, төрийн албан хаагч бүр үүнийг хатуу анхаарч ажиллах шаардлагатай.
- Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагууд, иргэн бүхэн үүргээ биелүүлж, хяналт тавьж, хамтран ажиллах нь нэн чухал. Бид агаар орчны бохирдлыг бууруулах асуудлаар санаачлага гарган ажиллаж байгаа Монголын байгаль орчны Иргэний зөвлөл, “Утааны эсрэг ээж, аавууд” болон бусад ТББ-уудтай хамтран ажиллах болно.
- Ард иргэдийн дунд дулаан, цахилгааны хэмнэлттэй техник технологийг сурталчлах, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, ногоон зээлийн сангийн зээл авах боломжийг танилцуулах мэдээллийн төв байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн, одоо улам идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.
- Хор хохиролтойг мэдсээр байж хаягдсан дугуй, ашигласан тос, хуванцар материалыг ил шатаадаг аж ахуй нэгж, байгууллага, зориулалтын бус газар хог хаядаг иргэд гээд бидний дунд байдаг олон дутагдалтай хатуу шаардлага тавьж гаргасан алдаа асуудлуудыг зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, шинэ дадал, хэвшил тогтоох хэрэгтэй.
Бидэнд тавьсан зорилт, хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт, эрх зүйн орчин хангалттай бий. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавьсан.
Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд зоригтой шийдэл, бодитой ажил хэрэгтэй.
Үндэсний чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаа Та бүхэн, төрийн болон төрийн бус байгууллага, нийт иргэдтэйгээ хамтран энэ ажлыг үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрах, өсөж торних боломж олгохын төлөө үйлсэд хамтран хичээн зүтгэе” гэлээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...