Саяхан даа, “АН засаглаж чаддаггүй МАН жагсаж чаддаггүй” хэмээн ярилцдаг байсан цаг ард үлдэж, улстөрийн ууган хүчин засаглалын хямралт зам руу өөрийн эрхгүй орчихлоо. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэнт зурагдсан төлөвлөгөө зун намрыг өртөөлөн бүр ч өндөр авснаар улстөрийн ууган хүчин дотооддоо хоёр бүлэг үүсгэж чадлаа. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар тус намд задрал явагдах нь ойлгомжтой гэж ээ. Магадгүй юм, урьд өмнө ийм хэмжээнд хүрэх талцал бол байгаагүй. МАН-ыг сарниах гэсэн Н.Энхбаярын оролдлогыг эс тооцвол ийм хүчтэй талцал байсангүй.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан 33-ын бүлгийнхэн МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад тохироо ёсоор өргөмжилснөөр өнөөдөр тэрбээр танхимаа бүрдүүлчихлээ. Бүрдүүлэхдээ 32-ын бүлгээс хэдэн сайд оруулж ирээд түүндээ “Улстөрийн тогтвортой байдал хангасан” гэх боловсон шошго наачихлаа. Нөгөө талд нь “намын эв нэгдлийг хангасан” гэх шошго ч бас харагдана. Энэ бол бодит улстөрд нөлөөлөх хаяг наалт хэзээ ч биш. Үнэн хэрэгтээ ирэх сарын сүүлээр болох МАН-ын Бага хурал хүртэл нохой хоргоосон арга хэрэглэж байгааг эндээс төвөггүй харж болно. У.Хүрэлсүх зарчим ёсоор бол М.Энхболдын бүлгийг дайрч унагачихаад танхимынхаа 40 шахам хувийг тэдэнд өгөх учиргүй. Гэвч МАН-ын даргыг сонгох сонгууль хаяанд тулчихсан учраас яаж ч чадсангүй, үнэний өмнө сөхөрч байна.
Түр зуурын бухимдал намдаах төдий зүйл. Угаасаа ийм улстөрийн арга нь урт насгүй байдаг. Энэ мэт тулга тойрсон улстөр, үйл ажиллагааны хэнд ч ойлгогдом сүлжээ нь У.Хүрэлсүхийн танхимыг богинохон настай гэдгийг хэлж өгч байна. Чамгүй ажилласан гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүрэлдэхүүн, танхимд багтаж байсан давхар дээлтэй дээлгүй нөхөд, МАН-ын Бага хуралд данстай шат шатны албанд томилогдон ажилласан хурган, төлгөн дарга нар У.Хүрэлсүхийн тогтвортой байдлыг мөн хангах байх даа. Ёстой горьд. Тийм эерэг улстөр лав манай Монгол Улсад байхгүйг мэдэх юм байна. Энэ олон өс өвөртөлсөн бүлгийнхэн, Ж.Эрдэнэбатын танхимд багтаж байсан шат шатны алба хаагчдын урьдуур явж МАН-ын Их хурлаас олонхийн санал авна гэдэг А.Матрасов шиг пулёметны амыг цээжээрээ хаахтай адил зүйл болно. Маш хүнд зураг харагдаж байна. Яахав, ямар нэгэн аргаар энэ Их хурлаас дарга боллоо гэж үзсэн ч энэ засагт урт нас яагаад ч харагдахгүй байна. Улстөрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засаг гээд олон талаас нь харвал 1996-2000 оны АН-ын засаглалын байдал ахин давтагдах хандлага маш өндөр бий. МАН дотоодод өс хонзонтой хүмүүс байна уу, байна. Эдийн засгийн байдал хүнд үү, хүнд.
Нийгэм бухимдалтай юу, бухимдалтай. Улстөр бужигнуулах харийн сонирхол байна уу, байна. Бүдүүн бүлэгт сайд болох сонирхолтой хүмүүс байна уу, байна. Аль аль талд гомдсон яахаас ч буцахгүй нөхөд МАН-д байна уу, байна гээд олон талаараа ижил төстэй нь яах аргагүй ийн хэлэхэд хүргэлээ. Цухасхан сөхвөл 1996-2000 онд АН Төрийн эрх барихдаа дөрвөн Засгийн газар огцруулж эцэстээ төрийн албан хаагчдын нөөц боломж ч утгаа алдсан гэж болохоор байв. Ямар сайндаа л хорин хэдэн настай Ч.Сайханбилэгийг Гэгээрлийн сайдаар өргөмжилж байхав дээ. Энэ зургаар явбал, 65-ын бүдүүн бүлгийн бүх гишүүдэд сайд болох боломж бүрдэж байна. Цагтаа хорин хэдтэй Ч.Сайханбилэгийг томилж байсан юм чинь богино өмдөө мартдаг Д.Гантулгад ч сайд болох боломж харагдана. АН гадна дотны нөлөөтэй гурван засгаа унагачихаад дөрөв дэх засгаа байгуулахдаа “Одоо сайд болоогүй хэн байна” гэж байсан гашуун дурсамж өнөөдөр халуунаараа бий. Ийм эмэгнэл тосч уулзахыг хэн байг гэхэв. Нөгөө талаар 2016 оны сонгуулиар баруун зүүнээ мэдэхгүй олон нөхөд УИХ-д орж ирсэн нь ч засаглалын хямралд том нөлөө үзүүлнэ. Нэгэнт бужигнаад сууриараа хөдөлчихсөн ийм цагт ямар нөхөр боломжоос татгалздаггүй талтай. Тэгэхээр хэдэн сар ч хамаагүй сайдын суудалд залрах хүсэлтэй хүмүүст намын эв нэгдэл, засаглалын тогтвортой байдлын тухай дурдахын ч хэрэггүй. Боломж олдсон дээр гараа дүрээд авахыг л бодно.
С.Ууганбаяр
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
