Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр (2025.03.17) Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо.

Улсын анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1924 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантыг Нийслэл Улаанбаатар хотын комендант болгон өөрчлөн зохион байгуулснаар тус ангийн түүх эхэлдэг юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эдүгээ зуу нэгэн жилийн түүхтэй эл ангид ажиллах үеэрээ Хүндэт харуулын тусгай ротын үйл ажиллагаа, ахуй хангамжтай танилцаж, алба хаагчдын сургалт бэлтгэлд шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэлийг шийдвэрлэх, тогтвортой өсөн дэвжихүйц орчин нөхцөлөөр хангахад анхаарах ёстойг хэллээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан цэргийн байрыг танилцуулж, морьт торгон цэргийн хувцас хэрэглэлийг он цагийн дарааллаар толилуулав. УИХ-ын дарга тэргүүтэй албаны зочид хугацаат цэргийн алба хаагчдын төөлөлтэй уулзан, англи хэл, жолооны сургалтын явцын талаар ярилцахдаа хувь хүний хөгжлийн олон талт хөтөлбөрийн хүрээнд санал, бодлыг нь сонссон юм. Энэ үеэр санхүүгийн суурь мэдлэг эзэмших замаар хэрэглээний зохистой дадал, хуримтлалын оновчтой шийдлүүдэд хамтдаа суралцах зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт алба хаагчдыг хамруулах санаачилгыг УИХ-ын дарга дэвшүүлж, энэ хүрээнд салбарын сайдтай санал солилцов. Үргэжлүүлэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүндэтгэлийн өрөөнд зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, бахдам түүх, арвин амжилтын эзэд болсон тус хамт олон төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоог үеийн үед тодотгосоор ирснийг тэмдэглэн хэлэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод, өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн болон цэргийн нийт 5966 ёслолын үүргийг амжилттай биелүүлснийг онцоллоо.

Тус ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн, “Монгол цэргийн жавхаа”, Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги”, Зэвсэгт хүчний салбарын урлаг, спортын аварга шалгаруулах олон арван тэмцээнүүдэд тогтмол оролцож, тэргүүн байруудад удаа дараалан шалгарч байгаа нь анги хамт олны нийлэмжтэй ажиллагаа, удирдлагын манлайлал, санаачилгын илрэл хэмээн тодотгов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэрэг дайчдад хандан, алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд эзэмшихийн зэрэгцээ хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь нийт иргэд, нийгэмд үзүүлэх зөв үлгэрлэл төдийгүй цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
