Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабт ажиллалаа.
Шуурхай штабын ээлжит хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн шалгалтын дүгнэлт зэргийг хэлэлцэв. Хуралдаанд УИХ дахь улс төрийн намуудын төлөөлөл болон нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, НИТХ, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж оролцох бүрэлдэхүүн ийнхүү өргөжиж олон талууд хамтарч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр санал нэгдэж буйд Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлэв.

Шуурхай штабын өнгөрсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн ойлголт, мэдээлэл, хяналттай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Улаанбаатар хотод 2025 онд түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг ес, агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-5, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах төсөл зэрэг тав, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуунмод хотын дэд бүтэц зэрэг долоон мега төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ мега төсөл тус бүрд асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20 төсөл эхэлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Шуурхай штабын хурлаар Туулын хурдны замын төслийн явц, “Тавантолгой түлш” ХХК-ны үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх босоо тэнхлэгийн I тойрог замын төсөлтэй танилцлаа. Энэхүү зам нь 23,7 км урт, Наадамчдын гүүрнээс эхэлж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дайран Туулын хурдны замтай огтлолцоно. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон, ирэх зургаадугаар сард тендер зарлан, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрт шилжүүлэх ажил эхэлсэн. Сонгинохайран дүүргийн 31-р хорооны иргэн Н.Түмэнцэцэгийнх нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтаа шийджээ. 2023 оны тавдугаар сард энэ халаалтаа тавиулсан. Гал түлэхгүй, нүүрстэй зууралдахгүй, дулаахан, тав тухтай байдаг хэмээн иргэн Н.Түмэнцэцэг Ерөнхий сайдад танилцууллаа. Цахилгааны төлбөр нь сарын түлшний мөнгөтэй ойролцоо гарч буй тул эдийн засгийн хувьд хүндрэл багатай байгааг ярив.

Улаанбаатар хотод нарны энэ үүсгүүрийг 70 айлд нэвтрүүлсэн. Нэмж 100 айлыг хамруулж буйг холбогдох албаныхан Ерөнхий сайдад танилцууллаа. Энэхүү нарны үүсгүүр нь байгальд ээлтэй, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Засгийн газраас нэг хувийн татварын хөнгөлөлт олгох шийдвэр гаргасантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж нарны үүсгүүрийг ажилтан, албан хаагчдынхаа гэрт суурилуулах хүсэлтийг ихээр тавьж эхэлснийг албаныхан мөн ярьж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов.


БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

More Stories
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний түүхт 390 жилийн тэгш их ой 2025 онд тохиож байна
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ ТҮҮХТ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АЖИЛЛАЖ...
Л.Мөнхбаатар: Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үүрэг өгсөн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллага удирдлагуудад дараах асуудлаар үүрэг даалгавар...
Киргиз улстай “Гэмт этгээд шилжүүлэх тухай” гэрээ байгууллаа
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх...
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-ын элчин сайдын хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...