Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өчигдөр хуралдаж, “Гранд лайн” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Гранд лайн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байдаг. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн учир гурван талт гэрээг цуцалсан байна.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд ч гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна. Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс “Гранд лайн” компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна” гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба “Гранд лайн” ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан. Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн. Орон сууц эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна” гэсэн юм.
“Гранд лайн” компанитай гэрээ байгуулан газраа чөлөөлсөн 48 айл өрх байгаагийн 29 нь орон сууцанд орсон бол 19 нь түрээсийн байранд аж төрж байгаа аж. Тус компани газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан “Хангай” хотхонд түрээсийн байр олгохдоо элдвээр шантаачилдаг гэхчлэн гомдлыг мэдүүлж байгаа юм.
Ийнхүү “Гранд лайн” ХХК-ийн гэрээг цуцалснаар тухайн талбар дээр дараагийн компанийг сонгон шалгаруулах, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац ХК зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл багтах бөгөөд ирэх долоо хоног гэхэд байгуулагдаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
