Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг тусгай горимоор зохион байгуулахаар болсон. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчдын дунд эргэлзээтэй олон асуулт гарч байгаа юм.
Тухайлбал, энэ долоо хоногт цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоож, 3-5 настай хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэх товтой байв. Гэвч бүртгэх журам гараагүй гэх шалтгаанаар ихэнх цэцэрлэг бүртгэл хийхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Бүх шатны сургалтын байгууллагад бүлэг дүүргэлтийг 20-оос дээш байж болохгүй тухай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар цэцэрлэгүүд анги танхимуудаа шинээр зохион байгуулж, өмнөх бүлгүүдээ хувааж байна. Хүрэлцээ, зай талбайн хэмжээнээс шалтгаалж, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн 3-4 настай хүүхдүүдээ бүрэн хамруулах боломж дутмаг байгаа тул энэ жил нэмэлт элсэлт авахгүй байгаа” гэв.
Хэдийгээр 2020-2021 оны хичээлийн жилд таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 100 хувь суралцуулахаар тогтоод буй ч бодит байдал дээр шийдвэрлэхэд хүнд болоод байгаа аж. Учир нь зарим хороонд цэцэрлэгийн хүрэлцээ тааруу, ойролцоо нь цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж болох барилга байхгүй тул энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа юм.
Мөн эцэг, эхчүүдийн дунд таван настнуудыг цэцэрлэгт заавал хамруулахын тулд ойролцоох хувийн цэцэрлэгүүдэд үнэгүй сургах шийдвэр гарчээ гэх мэдээлэл ч байна. Гэхдээ энэ нь ташаа бөгөөд хувийн хэвшлийн цэцэрлэгт хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах тухай огт яригдаагүйг нийслэлийн Боловсролын газраас мөн мэдээлэв.
Түүнчлэн энэ хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагчид болзошгүй эрсдлээс сэргийлж, хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэл цэцэрлэгийн удирдлагад хүсэлт гаргаж, теле хичээлээр хүүхдээ сурган хүмүүжүүлэх боломжтой аж. Ингэснээр цэцэрлэгт суралцагчдын нэрсээс тухайн хүүхдийн нэрийг хасахгүй тул ирэх хичээлийн жилд цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах боломжтой юм байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
