УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа 30.8 гэсэн заалтыг шинээр нэмж оруулсан. Энэхүү заалт нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байлаа. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэсэн ойлголт байхаа больсон учраас Т.Аюурсайхан гишүүн дээрх заалтыг нэмэх санал гаргасан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг хийхдээ уг саналыг хасах шийдвэр гаргасан ч чуулганаар хэлэлцэх үед хасах санал нь дэмжигдээгүй. Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй боллоо. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө яг үүнтэй ижил маргааныг хэлэлцэж УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байсан юм. Тиймээс энэхүү заалт нь Цэц дээр унах магадлалтай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс энэхүү заалт батлагдсан тохиолдолд Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн.
Мөн үүнтэй холбоотойгоор өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг төрийн албан ажиллуулахгүй байх тухай Төрийн албаны тухай хуулийн заалт хөндөгдөж байгаа юм. Шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албанд ажиллах хүмүүст тавигдах шаардлага өөрчлөгдсөн. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн шаардлага нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 2019 оноос эхлээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүн төрийн албанд орж ажиллах боломжгүй болсон гэсэн үг. УИХ сонгуулийн тухай хуулиа хэлэлцэхдээ “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтаа Төрийн албаны тухай хуулийн дээрх заалттай холбон тайлбарлаж байсан юм. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүмүүс төрийн албанд ажиллах боломжгүй болсон шиг ийм төрлийн гэмт хэргээр ял сонссон хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй гэж үзсэн. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох дараах байр суурийг илэрхийлсэн юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох: –Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн нийтлэг шаардлага буюу 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн заалт бий. Энэ хууль одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Авлигал, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлж байсан хүн төрд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрхгүй байгаа учраас улс төрийн албан тушаалтан, шийдвэр гаргагч авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байгаагүй байх ёстой.
УИХ болон АТГ ингэж тайлбарлаж байгаа ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэдэг заалт нь Үндсэн хуулийн Цэц дээр унах магадлалтай. Цэц 2008 оны тавдугаар сарын 14-нд үүнтэй ижил маргааныг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ дүгнэлтийг нь хүлээн авч байсан юм. Тухайн үеийн Цэцийн дүгнэлттэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.
Цэц энэ удаад ч УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл Төрийн албаны тухай хууль ч Цэцэд дуудагдах магадлалтай. Цэц авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан эсэхээсээ үл хамааран УИХ-д нэр дэвших эрхтэй гэж үзвэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс ялгаагүй төрийн албанд ажиллах эрхтэй гэсэн логик бий болно. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болох нь.
More Stories
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
