УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа 30.8 гэсэн заалтыг шинээр нэмж оруулсан. Энэхүү заалт нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байлаа. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэсэн ойлголт байхаа больсон учраас Т.Аюурсайхан гишүүн дээрх заалтыг нэмэх санал гаргасан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг хийхдээ уг саналыг хасах шийдвэр гаргасан ч чуулганаар хэлэлцэх үед хасах санал нь дэмжигдээгүй. Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй боллоо. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө яг үүнтэй ижил маргааныг хэлэлцэж УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байсан юм. Тиймээс энэхүү заалт нь Цэц дээр унах магадлалтай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс энэхүү заалт батлагдсан тохиолдолд Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн.
Мөн үүнтэй холбоотойгоор өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг төрийн албан ажиллуулахгүй байх тухай Төрийн албаны тухай хуулийн заалт хөндөгдөж байгаа юм. Шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албанд ажиллах хүмүүст тавигдах шаардлага өөрчлөгдсөн. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн шаардлага нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 2019 оноос эхлээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүн төрийн албанд орж ажиллах боломжгүй болсон гэсэн үг. УИХ сонгуулийн тухай хуулиа хэлэлцэхдээ “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтаа Төрийн албаны тухай хуулийн дээрх заалттай холбон тайлбарлаж байсан юм. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүмүүс төрийн албанд ажиллах боломжгүй болсон шиг ийм төрлийн гэмт хэргээр ял сонссон хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй гэж үзсэн. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох дараах байр суурийг илэрхийлсэн юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох: –Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн нийтлэг шаардлага буюу 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн заалт бий. Энэ хууль одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Авлигал, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлж байсан хүн төрд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрхгүй байгаа учраас улс төрийн албан тушаалтан, шийдвэр гаргагч авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байгаагүй байх ёстой.
УИХ болон АТГ ингэж тайлбарлаж байгаа ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэдэг заалт нь Үндсэн хуулийн Цэц дээр унах магадлалтай. Цэц 2008 оны тавдугаар сарын 14-нд үүнтэй ижил маргааныг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ дүгнэлтийг нь хүлээн авч байсан юм. Тухайн үеийн Цэцийн дүгнэлттэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.
Цэц энэ удаад ч УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл Төрийн албаны тухай хууль ч Цэцэд дуудагдах магадлалтай. Цэц авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан эсэхээсээ үл хамааран УИХ-д нэр дэвших эрхтэй гэж үзвэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс ялгаагүй төрийн албанд ажиллах эрхтэй гэсэн логик бий болно. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болох нь.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
