Эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, худалдаалж байсан гэр бүлийг 5-10 жилийн ялаар шийтгэв

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэн П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамтаар бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусад худалдаалсан хэргийг шалгаж тогтоосон байдаг.
Багагүй хугацаанд мөрдөн шалгасан уг эрүүгийн хэрэгт гэр бүлээрээ хамтран, бүлэглэн бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг, хүн худалдаалах гэмт хэргийн шинж агуулсан болохыг тогтоож, прокурорт шилжүүлсэнээр прокуророос уг этгүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. 
Ингэснээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  шүүгдэгч П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, шүүгдэгч О.Дарханбаярт 8 жилийн хорих ял,  шүүгдэгч Ө.Дөлгөөнтуул, шүүгдэгч Ө.Гарьдмагнай нарт тус бүрт нь  5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ногдуулсан байна.

1 Comment

Add yours

+ Leave a Comment