Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь “хязгаарлаж байж давна” гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж байна. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол эрх баригчдын олон жил хуримтлуулсан хариуцлагагүйн хэмжүүр, ард түмнийг бэлэн байдалд бус, бяцхан харанхуйд дасгаж буй ялзарсан тогтолцооны бодит төрх юм. 150 гэдэг тоо хаанаас гарч ирснийг ухаж үзвэл өнөөдөр манай төрийн бодлого ямар ялзарсан, хойрго байгааг харуулах гунигтай бөгөөд аюултай түүх задарна.
Өсөлт биш, угтаж бэлдээгүй төрийн тэнэглэл
Цахилгааны хэрэглээ бол хэзээ ч зогсдоггүй, өсөн нэмэгддэг зүйл. Хот тэлж, шинэ хорооллууд сүндэрлэж, айл өрхүүд илүү олон цахилгаан хэрэгсэл хэрэглэх болсноос гадна гудамжинд цахилгаан автомашины тоо эрс нэмэгдсэн байна. Монголын цахилгааны хэрэглээ жил бүр 6–8 хувиар өсч байгаа нь улс орон хөгжиж, амьдрал сайжирч буйн илрэл юм.
Асуудал хэрэглээ өсөж байгаад бус, харин үүнийг урьдчиж харж, угтаж бэлдэх ёстой төр засгийн толгойтой хүмүүс нь зүгээр л хойшоо хараад хэвтэж байгаад оршино. Хэрэглээ жил бүр тасралтгүй өссөн атлаа түүнийг хангах дэд бүтэц, цахилгаан станцууд яагаад ижил хурдаар баригдсангүй вэ? Учир нь тэдэнд улс орны ирээдүй биш, өөрсдийнхөө суудал ширээг манахаас өөр санаа зовоох зүйл байсангүй.
42 жил ганхаагүй “көвшөг” ба өнөөдрийн гамшиг
Өнөөдрийн энэ эмгэнэлтэй нөхцөл байдлыг харуулах хамгийн аймшигтай баримт бол Монголын хамгийн том эрчим хүчний эх үүсвэр болох ДЭЦ-4 юм. 1983 онд ашиглалтад орсон энэ станц өнөөдөр ч Монголын нийт цахилгааны 70 хувь, Улаанбаатарын дулааны 65 хувийг дангаараа нуруундаа үүрч байна.
Дөчин гурван жилийн настай, хуучирч муудсан нэгэн станц өнөөдөр улсынхаа гэрлийн гуравны хоёрыг хангаж байгаа нь бахархал биш, харин үндэсний аюулгүй байдлын хэмжээний эмгэнэл юм. Түүнээс хойш энэ хэмжээний том чадалтай үндсэн станц дахин баригдсангүй.
Дөчин хоёр жил гэдэг бол бүтэн нэг үе солигдох хугацаа. Тухайн үед Улаанбаатар хот одоогийнхоос хоёр дахин жижиг, хүн ам бараг гурав дахин цөөхөн байв. Хот тасралтгүй өсч, ард түмэн амьдралаа залгуулж байхад суурь хүчин чадал 1983 оных хэвээр үлдсэн нь өнөөдрийн энэ хямралыг авчиржээ.
Хуримтлагдсан өр: 150 МВт
Хэрэглээ жил бүр 100–130 МВт-аар өсч байхад шинээр том станц ашиглалтад ороогүй он жилүүдэд энэ зөрүү хуримтлагдсаар ирсэн. Энэхүү хуримтлагдсан зөрүү өнөөдөр 150 МВт болж, ирэх өвлийн босгон дээр бидний хоолойноос боож байна. Энэ бол тэнгэрээс гэнэт унасан байгалийн гамшиг биш, харин 42 жилийн турш төр засгийн гаргасан хайхрамжгүй байдлын төлөөс юм.
Өнөөдөр энэхүү дутагдлыг юугаар нөхөж байна вэ? Хариулт нь гадны хамаарал, импорт.
Оргил ачааллын цаг буюу оройн 17:00–22:00 цагийн хооронд айл өрхүүд хоолоо хийж, гэрэл цахилгаанаа зэрэг залгах үед дотоодын станцуудын хүчин чадал шалчийж унадаг. Энэ үед дутагдсан эрчим хүчээ ОХУ-ын шугамаас гуйж татдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн эмзэг хэсэг болох эрчим хүчний оргил цаг нь гадныхны залгуурт бүрэн холбоотой байна.
Мэдээж ирээдүй бүрэн харанхуй биш гэж ярьдаг:
- Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц баригдаж байгаа.
- Сэлэнгийн 70 МВт-ын станц төлөвлөгдсөн.
- Баянгийн 660 МВт-ын станц 2027-2028 онд орно гэж амлаж байна.
Албаны тооцоогоор 2027 оноос хойш чадлын дутагдалгүй болно гэж байгаа ч энэ амлалтад хэн итгэх вэ?
Дөчин хоёр жилийн турш “станц хэрэгтэй” гэж инженерүүд хашгирч байхад эрх баригчид үүргээ дараагийн Засгийн газарт, дараагийн сайдад чирч шилжүүлсээр өнөөдрийг хүрсэн. Хэн ч “хийхгүй” гэж ил тод хэлээгүй ч, хэн ч зориг гаргаж шийдээгүй. Энэ бол албан тушаалтан бүрийн хулчгар зангийн үр дүн юм.
Тоо хэзээ ч худал хэлдэггүй. 150 МВт бол зөвхөн ирэх өвлийн хүндрэл биш, 42 жилийн турш ард түмнээ хуурсан төрийн хариу юм. Шинэ станцууд баригдаж эхэлсэн нь сайхан ч нэг л харгис асуулт хариу нэхсээр байна: Дараагийн 150 МВт-ын гамшгийг давтахгүйн тулд бид дахин 42 жил төрийнхөө хариуцлагагүй байдлыг харж суух юм уу, эсвэл энэ удаад тэднээс хариуцлага нэхэж чадах уу?
More Stories
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
