70 тэрбумын хохирлыг илрүүлж шалгаад дөрөв хонож байна. Хохирлын хэмжээ нэмэгдэж 100-гаад тэр бум руу дөхөж байгаа гэнэ. Гэтэл мэдээллийг эхэлж олон нийтэд хүргэсэн сэтгүүлч дарамталж, хоёр ч удаа мэдэгдэл гаргаж далийрах Нийгмийн даатгалын газрын удирдлагуудад ямар арга хэмжээ авах вэ, Ерөнхий сайдаа!!!

Нийгмийн даатгалын ерөнхий газраас удаа дараа мөрч.мн сайтыг буруутгаж мэдэгдэл гаргаад буй учир үүссэн асуудлын талаар уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаалтын нууцад илтэд хамаарагдахгүй байх өнцгөөс тодруулсан, олж авсан мэдээллийг олон нийттэй хуваалцья. 

Хэзээ хаана юу болов?

2025 оны 11 дүгээр сарын 2-нд Цагдаагийн ерөнхий газраас 94.6 тэрбум төгрөгийн   хохиролтой татвар, нийгмийн даатгалын хуурамч бичилттэй холбоотой гэмт хэргийг илрүүлж, бүлэг этгээдийг саатуулсан талаарх мэдээллийг мөрч.мн сайт болон пэйж, сэтгүүлч миний фэйсбүүк хаяг дээр нийтлэсэн. 

94.6 тэрбум бол татвар, нийгмийн даатгал гэсэн хоёр байгууллагад хамаарах гэмт хэргийг улмаас учруулсан хохирлын нийт хэмжээ. 

Үүний 70 тэрбум нь зөвхөн Нийгмийн даатгалын ажилтнууд бусадтай бүлэглэн 400 гаруй иргэний нэрээр банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг луйвардсан мөнгөн дүн юм!

70 тэрбумын луйврын хэрэгт холбогдуулан Монгол Улсын иргэн Э.З, Д.М, Д.У нарын нэр бүхий этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 46 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. 

Урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч, нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тус тус тогтоогдсон. 

Ингэхдээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид илрүүлэн шалгаж байгаа юм. 

Энэ хүрээнд гурван бүлгийн 50 орчим этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээллэсэн байдаг. 

Нийгмийн даатгалын нэр хүндэд мөрч.мн халдсан уу?

Нийгмийн даатгалын газраас мөрч.мн сайтын сэтгүүлчийг “албаны нэр хүндэд халдсан” гэж үзэж хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулна гэж хоёр удаа мэдэгдэл гаргаж, нэг удаа сэтгүүлч миний утас руу залгаж ярив. 

Хамгийн гол нь ажилтнуудынх нь оролцоотой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас байгууллагын нэр хүнд унадаггүй. Гэмт хэргийн мэдээллийг ил гаргасан сэтгүүлчээс болж Нийгмийн даатгалын байгууллагын нэр хүнд унаад байгааг би бүү хэл хэн ч ойлгохгүй байх. 

Сэтгүүлч рүү холбогдсон Нийгмийн даатгалын ажилтан, манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. Бүгд ажлаа хийгээд явж байгаа гэсэн учир “зургаан хүн хоригдож 50-иад хүн шалгагдаж байгаа 70 тэрбумыг луйвардсан энэ хэрэгт Нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай гэдгийг хэрэг илрүүлсэн цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж хэлсэн”. Тиймээс энэ талаараа цагдаагийн газраас очиж тодруулаарай” гэдэг хариулт өгсөн байгаа. 

32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч, нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн луйвар хэрхэн явагдсан бэ?

Өнгөцхөн харахад 70 тэрбумыг зальдсан бүлэг этгээдийн хууль бус үйл ажиллагааны цаана бусдыг айлган сүрдүүлсэн, эрхшээлдээ оруулж гэмт хэрэгт татан оруулсан, мөнгө угаасан, заналхийлсэн, хууль бусаар хорьсон… зэргээр бүлэглэн үйлдсэн гэмт этгээдийн дунд төрийн албан хаагч, Нийгмийн даатгалын ажилтнууд байгаа нь аймшигтай!!!

Тэд нийгмийн эмзэг давхаргын иргэдийг айлган сүрдүүлэх замаар эрхшээлдээ оруулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт тархан байршсан 15 объектод хууль бусаар хорьж байсан байдаг!!!

Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д заагдсан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.4 дүгээрт заагдсан хууль бусаар хүн хорьсон, хүнийг хүчээр алга болгосон зэрэг үйлдэл нь,  

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заагдсан заналхийлсэн, 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заагдсан мөнгө угаасан, 

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заагдсан залилсан, 

Эрүүгийн хуулийг 227 дугаар зүйлд заагдсан татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үйлдлүүдээс нь ч аймшигтай ноцтой хэрэгт төрийн албан хаагчид тэр дундаа Нийгмийн даатгалынхан оролцсон нь энэ хэргийн аюулын зэргийн талаар дуугүй өнгөрч болохгүй юм!!!

Хохирогчид хэн байв?

Гэмт этгээдүүд нь хохирогчдыг түрээсийн байранд хууль бусаар хорьж, өдөр тутмын үйл хөдлөлд нь хяналт тавьж байсан. Ингэхдээ тухайн иргэдийн ахуйн эмзэг байдлыг нь далимдуулан хувийн мэдээллийг нь олзлон ашигласан. 

Гэмт этгээдүүд өөрсдийн хамаарал бүхий 32 аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөр эрхэлдэг мэтээр иргэдийн хуурамч мэдээллийг бэлтгэж, бэлтгэсэн мэдээллээ нийгмийн даатгалын ажилтнуудын оролцоотой боловсруулж, бүр тус байгууллагын нэгдсэн системд оруулж, баталгаажуулсан байдаг. 

Ингээд мэдээллээ өгч бүртгүүлэхийг зөвшөөрсөн буюу ХОХИРОГЧ иргэд бий болж эхэлсэн. Учир нь бүлэг этгээд ингэж бүртгүүлсэн иргэдийн нэр дээр зээл авах боломжтой болж, улмаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас олон удаагийн үйлдлээр, өндөр дүн бүхий зээл гаргуулан авч байв. 

Ингэж зээл нь гарсан тохиолдолд тухайн иргэнийг “олзны хүн” гэж нэрлэж  1-3 сая төгрөгөөр урамшуулдаг байжээ. Мэдээж тэд ийм “олзны хүн” олныг олж ирэх тусам ашиг их учир аль болох ар гэрийн татлаа түлхээгүй, аливаа мэдээллээс хол, амьжиргаа тааруу, архины хамааралтай, нэн ядуу иргэдийг голчилж сонгодог байжээ.

Үүнээс гадна, архины хамааралтай иргэдийг “архинаас гаргана” гэж хуурч, гэмт үйлдэлдээ татан оролцуулж, өндөр дүнгээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн шивэлт хийж, зээл гаргуулан авдаг байжээ. 

Бүлэг этгээдийн хувьд үг дуугүй ирээд гарын үсэг зураад л зээл авах, зээл чөлөөлүүлэх, зээлийн ангилал сайжруулах, дансыг нь ашиглахад л ашиглагдах иргэдийг сонгоно. 

Ингэснээр дунджаар 80-100 сая төгрөгийн зээл гаргуулж, гарын үсэг зурж ашиглагдсан иргэдэд 1-10 сая хүртэл урамшуулал өгдөг. 

Ингэж хууль бусаар олсон орлогоо хувьдаа болон бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж, мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдлуудыг цагдаагийн мөрдөгчид тогтоогоод үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

   Эсэргүүцсэн хохирогчдыг рецедив гэмт хэрэгтнүүдээр сүрдүүлдэг байжээ!!

Хамгийн ноцтой, маш аюултай нь энэ ажиллагаанд нь оролцохоос татгалзсан, нэр дээрээ гаргуулсан зээлийн мөнгийг бүгдийг нь нэхсэн гэх мэтээр маргаан үүсгэсэн хохирогчийг рецедив этгээдүүдэд захиалга өгч сүрдүүлдэг байжээ. Ингэснээр хохирогчийг болон түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь амь нас, эрүүл мэндийг барьцаалж, зэвсгийн чанартай зүйлээр айлган сүрдүүлэх, дарамталдаг, заналхийлдэг байсан аж. 

Тэд үүнийг хийхдээ баригдана гэж айж эмээхгүйгээр хийж байсан нь гэмт бүлэглэлд “олзлогдсон” иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, нийгмийн эмзэг бүлэгт ямар нэг байдлаар хамаардаг бүртгэлтэй хүмүүс байснаас үүдсэн байх магадлалтай.

Энэ бол ганцхан төрийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдад хамаарагдах, одоогоор илэрч баригдаад эрүүгийн хэрэг үүсгүүлж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг юм. 

Эндээс харахад л эд нараас өөр өчнөөн байгууллагад бидний мэдэхгүй хэчнээн бүлэглэл хэрхэн яаж ажиллаж байгаа бол? 

Тэд төрийн аль түвшний албан хаагчидтай хэрхэн холбоо тогтоож, хэр удаан хугацаанд “бүлэглэн баяжих” гэж хичээж, харх шиг бужигнаж байгаа бол…

Нийгмийн даатгалын байгууллагын алба хаагчдыг түшиглэн үүссэн гурван  бүлгийг илрүүлээд Эрүүгийн цагдаагийн алба хаагчид дөрөв дэхь хоног дээрээ ажиллаж байгаа. 

Хэргийг мөрдөн шалгах явцад өмнө зарлагдсан 70 тэрбумын хохирлын хэмжээ нэмэгдэж буй, арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод явж байгаа гэнэ. 

Төсөөлөхөд ч бэрх ийм хүнд гэмт хэргийн бүлэглэл төрийн албан хаагчдын оролцоотой ажиллаж байсан. 

Тиймээс ийм хүнд гэмт хэргийг илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байхад хэргийн талаар бодит мэдээллийг гаргасан мэдээллийн сайтыг дарамталж олон нийтийн мэдээллийн сувгаар хоёр удаа мэдэгдэл гаргаж, сэтгүүлчид нөлөөлөх гэж оролдсон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын удирдлагуудыг Авлигатай тэмцэх газар анхааралдаа авч  холбогдох хуулийн дагуу шалгах биз ээ. 

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

One thought on “70 тэрбумын луйврын ард мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон Эрүүгийн гэмт хэрэг бас бий

  1. Хөдөө аймгийн НДХэлтэс татварын газруудыг шалгаач.их юм гарна даа!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Next post “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ