Оюурах төвийн эмч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр, миний хувьд аутизм болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих ажилд чин сэтгэл цаг хугацаагаа зориулан ажиллаж байгаагаа ярилцлагын явцад онцолж хэлж байлаа. 

-Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монголд Аутизмын хүрээний эмгэгээр нийт хичнээн хүүхэд оношлогдсон байдаг вэ?

-Аутизмын талаарх албан ёсны статистик болон тоо мэдээлэл нь ЭМЯ-ны статистикийн газар эсвэл Аутизмын холбоо зэрэг найдвартай эх сурвалжаас гарч байх ёстой. Одоогоор 4000 орчим хүүхэд Монголд албан ёсоор оношлогдсон гэсэн тоо байна. Гэвч энэ тоо бодит байдлаас бага байх магадлалтай, учир нь зарим эцэг эх хүүхдийн оношийг хүлээн зөвшөөрөхгүй, эсвэл шошго зүүлгэхээс зайлсхийж онош тавиулахгүй байх тохиолдол бий.

-Насны хувьд хэдээс хэдэн нас байна вэ. Эрт оношлогдож чадаж байна уу?

– Монголд аутизмын оношилгооны хувьд насны хязгаар болон эрт оношилж чадаж байна уу гэдэгт хэдэн чухал зүйл бий. Аутизмын анхны шинж тэмдэг 1.5-3 насанд түгээмэл илэрдэг. Онош тавих боломж хоёр наснаас эхэлж нэлээд найдвартай болдог. Гэхдээ Монголд албан ёсны оношлогоо ихэвчлэн 4-6 нас хүртэл хойшлогддог тохиолдол их. Монголд сүүлийн жилүүдэд эрт оношлогоо сайжирч байгаа ч мэргэжлийн баг, сургалт, шалгуур аргачлал, эцэг эхийн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан оношлох нас дунджаар хожуу байна. Мэдээж үүнд, нөлөөлөх хүчин зүйлч байна. Эцэг эхийн мэдээлэл, хандлага өөрөөр хэлбэл зарим нь оношийг үгүйсгэдэг гэр бүлийн зүгээс үгүйсгэдэг. Мөн эмнэлгийн хүртээмж, оношлогооны төвүүд хангалтгүй байгаа зэргээр энэ төрлийн эмгэгийн илрүүлэлт оройтох, хожуу насанд оношлогдон тогтоогдох зүйл байдаг. 

-Энэ төрлийн эмгэгийг Монголд албан ёсоор оношилдог ганц эмнэлэг СЭМҮТ гэж ойлгосон, зөв үү? 

-Товчхондоо, оношлогоо аутизм байна уу, үгүй юу гэдгийг шийдэх. Үнэлгээгээр уг эмгэг ямар түвшинд, ямар хэрэгцээтэй байна гэдгийг тодорхойлоход СЭМҮТ буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төв дээр халамж тогтоолгоход ойролцоо ажил хийгддэг. Тэнд яг ямар үнэлгээний арга хэрэглэдэг болохыг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Мэдээж, Адос 2 карс аргуудыг хэрэглэх нь зөв. Мөн аутизмын холбоо төвүүдэд оношилгоог хийдэг гэж сонсож байсан. 

-Ачаалал хэр байдаг бол манай улсад. Оношлогоо хийлгэхэд их хугацаа ордог гэсэн гомдол байх юм?

-Хэрэв СЭМҮТ-д гэж асууж байгаа бол уг төв дээр аутизмын оношлогоо хийлгэх ачаалал маш их байдаг. Улсын хэмжээнд аутизмын албан ёсны оношилгоо хийдэг гол төв нь СЭМҮТ тул эрэлт төвлөрдөг. Ачаалал ихсэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, хүлээлгийн хугацаа гэж байна. Тиймээс хүүхдийн оношлогооны цаг 1–3 сар хүртэл хүлээх тохиолдол элбэг. Зарим үед улирлын ачааллаас шалтгаалж, 4-6 сар сунжирдаг. Энэ байдал хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө, 9–10 сард маш ихээр анзаарагддаг. 

-Энэ төрлийн эмгэгийг оношлоход хэр хугацаа зарцуулагддаг вэ. Нэг удаагийн үзлэгээр бүрэн оношлогдох боломжтой юу?

-СЭМҮТ дээр оношлогооны ачаалал өндөр, хүлээлгийн хугацаа урт байгаа нь Монголд оношлогооны төвийн тоо ба мэргэжлийн хүний нөөц дутмаг байгаатай шууд холбоотой. Хүүхдийн сэтгэцийн эмч, хөгжлийн эмч, сэтгэл судлаачийн тоо цөөн. Нэг хүүхдэд үзлэг, тест, эцэг эхийн асуумж, ажиглалт гэх мэтээр 2-3 цаг зарцуулдаг тул өдөрт үзэх тоо хязгаарлагдмал. Орон нутагт тэр бүр оношилгоо, үзлэг байхгүй учир эцэг эхчүүд заавал Улаанбаатарт ирж хүүхдээ үзүүлж, оношлуулах хэрэгтэй болдог. Зарим нь дахин үнэлгээ эсвэл хөндлөнгийн баталгаажуулалт авах гэж олон дахин ирдэг тохиолдол бий. 

-Аутизмын оношлогоо, үзлэг, эмчилгээ Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг уу?

-Монголд аутизмын оношлогоо, эмчилгээ Эрүүл мэндийн даатгалд 100 хувь бүрэн хамрагддаггүй, хэсэгчлэн хөнгөлдөг. СЭМҮТ-д үзүүлэхэд үзлэг, анхан шатны оношлогооны төлбөр ЭМД-аар хэсэгчлэн хөнгөлөгдөнө. Гэхдээ олон улсын тест, нарийвчилсан үнэлгээ, сэргээн засах (хэл засал, хөдөлгөөн засал, мэдрэхүйн интеграц гэх мэт) нь тусдаа төлбөртэй байх нь түгээмэл. ЭМД-аас хөнгөлдөг сэргээн засах үйлчилгээ нь тоо, хугацааны хязгаартай. Тухайлбал, 12–18 удаа сэргээн засах үйлчигээ авна гэх мэтээр. Гэтэл сэргээн засах үйлчилгээг ганц хоёр удаа аваад үр дүнд хүрнэ гэж байхгүй. 

Энэ талын мэргэжлийн оношлогч эмч сувилагчийн хүртээмж хэр байдаг вэ?

Монголд аутизмын оношлогоо, үнэлгээ, эмчилгээг хийх мэргэжлийн хүний нөөцийн хүртээмж маш хязгаарлагдмал байгаа. Эмч (оношлогч) Аутизмын оношлогоо тавих эрх бүхий хүүхдийн сэтгэцийн эмчийн тоо улсын хэмжээнд маш цөөн голдуу Улаанбаатарт төвлөрсөн. Аймаг бүрт хүүхдийн сэтгэцийн эмч байхгүй, ихэнх нь насанд хүрэгчдийн сэтгэцийн эмч эсвэл ерөнхий хүүхдийн эмч оношилгоо хийхийг оролддог. 

СЭМҮТ дээр 2–3 эмч өдөрт дунджаар 6–10 хүүхэд л үзэх боломжтой. Мэргэжлийн үнэлгээний баг Олон улсын жишигт аутизмын үнэлгээг сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, хэл заслын эмч, хөдөлгөөн засалч, тусгай боловсролын багш хамтран хийдэг. Монголд энэ бүрэлдэхүүнтэй байнгын багтай газар бараг байхгүй (зарим хувийн төв, хөтөлбөр бий ч хүрэлцээ бага). 

СЭМҮТ болон сэргээн засах төвүүдэд хүүхдийн зан үйлийг ажиглах, тестийн үед дэмжих сувилагчийн орон тоо цөөн. Ихэнх ажлыг эмч, сэтгэл судлаач өөрсдөө хавсран хийдэг тул ажлын ачаалал их. Хүүхдийн сэтгэцийн эмчийн тоо цөөхөн, сургалт ховор. Орон нутагт мэргэжлийн оношлогоо, үнэлгээ хийх тоног төхөөрөмж, тест, аргачлал хомс. 

Мэргэжилтнүүдийн ачаалал ихээс шалтгаалан нэг хүүхдэд зарцуулах цаг хязгаарлагдмал. Одоогийн байдлаар Монголд аутизмын оношлогоо, үнэлгээ хийх мэргэжлийн хүний нөөцийн хүртээмж маш бага, төвлөрсөн хэлбэртэй, орон нутагт бараг байхгүй. 2025 оны 6 дугаар сард улсын хэмжээнд байгаа хүүхдийн сэтгэцийн эмч нарт СЭМҮТ-ээс АДОС2 Карс үнэлгээний сургалт явуулсан боловч Адос 2 олон улсад оюуны өмчөөр хамгаалагдсан учир маш өндөр зардлаар сурдаг мөн үнэлгээ хийх эрх нь 1-2 жил болоод дуусдаг.

Ингэхэд аутизмтай нь тогтоогдсон хүүхдийг хөгжүүлэх нийгэмшүүлэхэд туслах заслын эмчилгээнүүдийг СЭМҮТ хийдэг үү, эсвэл өөр харьяалагдах эмнэлгүүд рүү шилжүүлдэг үү?

-Улсын болон дүүргийн сэргээн засах төвүүд Дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэргээн засах тасаг-Хэл заслын эмчилгээ, хөдөлгөөн засал, мэдрэхүйн интеграцийн зарим үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэйгөөр үзүүлдэг.

Тухайлбал, Сонсголонгийн Сэргээн Засах Төв нь сонсголын бэрхшээлтэй болон хэл ярианы хоцрогдолтой хүүхдэд чиглэсэн ч аутизмтай хүүхдэд хэл засал, хөдөлгөөн засал өгдөг. Тусгай чиглэлтэй хувийн төвүүд Оюурах, Тэмүүлэл, Bright Minds, Монголын Аутизмын Холбооны харьяа төвүүд зэрэг нь хэл засал, хөдөлгөөн засал, мэдрэхүйн интеграц, нийгмийн ур чадвар хөгжүүлэх сургалт, ABA (Applied Behavior Analysis) зэрэг олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр төрөлжсөн газруудад үйлчлүүлсэнээр давуу тал нь уян хатан цагийн хуваарь, олон төрлийн мэргэжилтэнтэй байх магадлал өндөр.Сул тал нь төлбөр өндөр, ЭМД-ын хөнгөлөлтгүй байх тохиолдол их. 

Орон нутгийн сэргээн засах үйлчилгээ Аймаг, сумын нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тасагт ерөнхий хөдөлгөөн засал, хэл ярианы дасгал хийх боломжтой ч аутизмын тусгай хөтөлбөр ховор. Мэргэжлийн багийн бүрэлдэхүүн дутмаг байдаг. Оношилгооноос хойш хүүхдийн хөгжлийн дэмжлэг Монголд төрийн болон хувийн төвүүдийн хосолсон байдлаар хийгдэж байгаа ч Хамгийн үр дүнтэй тусламжийг авахын тулд эцэг эх уян хатан хөтөлбөртэй хувийн төвүүдийг илүү сонгодог.

Улсын төвүүд хүртээмжийн хувьд давуу боловч ачаалал өндөр, цагийн хуваарь хязгаарлагдмал. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд урт хугацааны сургалт хэрэгтэй. Улсын төвүүд богино хугацаатай сургалт л санал болгодог.

-СЭМҮТ дээрх заслуудын эмчилгээг хийдэггүй гэсэн үг үү? 

– СЭМҮТ чиг үүрэг журам, гаргаж мөрдүүлэх олон нийтэд мэдээлэл таниулах ажил хийх боловсон хүчин бэлдэх сургалт, явуулах, олон улсын харилцаа сайжруулах, хүүхдэд эмчилгээ сургалтын зөвлөмж гаргах байх гэж бодож байна. Мэдээж төв учир хүнд хэлбэрийн зан үйлийн гүнзгий асуудалтай бусад сэтгэцийн хавсарсан эмгэгтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг тасаг байдаг. Баг хамт олон үйлчилгээ үзүүлж байгаа. Миний хувьд би өөрөө тус байгууллагад харъяалалгүй учраас нарийн сайн мэдэхгүй байна гэдгээ хэлэх нь зөв байх. 

Өөрөөр хэлбэл СЭМҮТ бол оношлогоо, сэтгэцийн эмчилгээний төв. Чиг үүрэг нь өөр гэх юм уу даа. Тиймээс ийм төрлийн үйлчилгээг Улсын сэргээн засах төвүүд буюу тухайлбал, Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах төвүүд, Хувийн сэргээн засах төвүүд болон Тусгай боловсролын төвүүд хийх нь илүү үр дүнтэй. 

-Аутизмыг эрт оношлох, тохирсон эмчилгээ засал үйлчилгээг хийх тал дээр ЭМЯ болон холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авдаг юм болоо. Энэ талаар мэдээлэл маш бага юм байна?

-Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны хамтарсан тушаалууд, ажлын хэсэг гаргаж арга хэмжээ дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа гэж дуулсан. Хамгийн том төсөв тавигддаг боловч асуудалтай хэсэг нь Нийгмийн хамгаалалын яам дээр бий. 

Мөн Сонсголонгийн сэргээн засах төв болон Бяцхан тэмүүлэл,  дүүргийн жижиг төвүүд дээр эмчилгээ, засал үйлчилгээ хийгддэг. Улиралд нэг удаа, долоо хоногийн сэргээн засах, хэл засал, хөдөлгөөн засах үйлчилгээг даатгалаас 100 хувь төлдөг. Өөр төрлийн эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран үйлчилгээ үзүүлдэг тул ачаалал ихтэй байдаг. 

-Ажлын ачааллын дундуур олон нийтэд зориулан мэдээлэл хүргэж ярилцсан баярлалаа, Танд ажлын амжилт ерөөе.

-Аутизм болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих ажилд чин сэтгэл, цаг хугацаагаа зориулан ажиллаж байгаагаа хүний хувьд нийгэмд эерэг талаас нь сайн таниулах, аутизмтай хүүхдүүдийг ойлгуулах, тэднийг дэмжих ажлуудыг сайн хийх хэрэгтэй байгаа. Цаг зав гаргаж Ярилцлага авсанд маш их баярлалаа. Танай сайтын үзэгчдэд хэрэгтэй мэдээлэл хүргэхэд миний ярилцлага тус болно гэж найдаж байна. 

Мөрч.мн: Аутизмын шинж тэмдгүүд хүүхдэд зургаан сартайгаас илэрч эхэлж, 18 сартайд бүрэн оношлох боломжтой болдог байна. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийн 25-30 хувь нь хэл яриаг ашигладаггүй бол  40 хувь нь оюуны чадавх хэвийн буюу өндөр байдаг. Хэдийгээр оюуны чадвар сай нь ч нийгэмших чадвар сул учраас 10 хувь  ажил хийдэг бол таван хувь нь найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг. 

2019 оны бүртгэлээр Монголын Аутизмын Холбоонд бүртгэлтэй 785 хүүхдээс эрэгтэй 627  буюу 79.87 хувь, эмэгтэй 158  буюу 20.13 хувь, насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 насны 387, 3-5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байна. 

 Аутизмыг бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн эмгэг гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл, аутизм нь өвчин биш тул ямар нэгэн эмчилгээ гэж байдаггүй хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт-заслууд байдаг байна. 

Дэлхийн хүн амын нэг хувь буюу 70 сая хүн Аутизмын хүрээний эмгэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  2023 оны эмхтгэлд тодотгон тэмдэглэсэн байна. Мөн аутизм эрэгтэй хүүхдэд 4-5 дахин олон тохиолддог. Аутизмын оношийг хүүхдэд гурван настайд илрүүлж байгаа бөгөөд ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй, зөвхөн асуулга, ажиглалтаар оношлодог юм байна. 

One thought on “Эмч Ц.Мөнх-Эрдэнэ: Аутизмын анхны шинж тэмдэг 1.5–3 насанд түгээмэл илэрдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Next post НОБГ: Зөвхөн наймдугаар сарын байдлаар 58 удаагийн үйлдлээр 168 нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ