СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд өөрийгөө гаргуунд хаячихаад гүйж явдаг бидний нэг өвджээ.
Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд өөрийгөө гаргуунд хаячихаад гүйж явдаг бидний нэг өвджээ.
Цэл залуухан, сайхан түүнийгээ өвдсөн тухай сонсоод зүрх ширх хийн өвдөв. Одоо яах вэ, хэдүүлээ яаж түүнийгээ аврах вэ…хэмээн хий дэмий л үймрэв.
Үнэндээ өвчин л жинхэнэ дайсан. Өвчинтэй тулалдах л тамир бардаг.
Ингээд хэдий халган байсан ч Заяатай уулзахаар болзлоо.
-Хэдийгээр нэг орчинд хараа бараандаа явцгаадаг ч тэр бүр уулзалдаж, хувийн зовлон жаргалаа ярьж, нэг нэгнээ дэмжиж, нэг нэгнээ нээж чадахгүй явдаг нь сэтгүүлчид юм даа. Сэтгэлзүйн огт өөр агаарт, өөр мэдрэмжүүдээр хүлэгдэн, ингээд бие биенээ халшран харж сууна гэж санасангүй. Өөрт учрах бүх зүйлсийг урьдчилан харах боломжгүй нь гунигтай.
– Тийм ээ, хамгийн гунигтай нь энэ.
– Бие организм өөрөө ямар нэг дохио өгч байдаг байж мэдэх юм. Гэхдээ бүгд л биеэ чагнаж, өөрийгөө хянаж дадаагүй байдаг. Ямар нэгэн зовиур огт мэдрэгдэж байсангүй юу ?
-Надад ямар нэгэн айхтар зовиур ерөөсөө мэдрэгдээгүй. Зүгээр л нойр хүрээд, ядраад байсан. Өглөө сэрж байгаахүн маш гоё сэргэг, эрч хүч дүүрэн байдаг даа. Гэтэл өглөө босоход хамаг бие хүндрээд, цаанаасаа нэг тийм эрчимгүй болоод байгааг анзаарсан ч тоолгүй ажлаа хийгээд гүйгээд байлаа. Өнгөрсөн намар би Америк яваад ирсэн юм. Олон цагийн нислэгийн дараа онгоцноос бууж ирээд л гэр рүүгээ явж байгаад гэнэт бие сонин болоод даралт унаад өгсөн. Эмч, эмнэлэг гэж байж арай дээрдээд… гэсэн ч анзаарахгүй ажил гээд явсан ч хэд хоноод бие суларч ямар ч ажлын бүтээмжгүй болчихсон. Хичээгээд байхад л сэрмээргүй, унтаад босмооргүй, хэвтээд баймаар хамаг бие сулраад… тэгээд ер нь нэг бүтэн биеэ оношлуулаад үзье гэж бодоод дугаарлаж цаг алдахгүй, шуурхайг нь бодоод “Нура” төв дээр очиж, бүтэн биеийн оношилгоонд орсон юм. Тухайн үед бөөр жаахан өвдөөд байсан болохоор бөөр л өвдөөд байгаа юм байх даа гэж бодчихоод яваад байсан.
– Нура төвийн шинжилгээгээр илэрсэн юм уу?
– Дүгнэлт танилцуулахаар эмч намайг тусгай өрөөнд урьсан. За, таны шинжилгээний хариу гарлаа. Нарийвчлан авч үзэх шаардлагатай юм байна гэсэн. Яасан, миний бөөр зүгээр үү гэхэд таны бөөр зүгээр ээ. Таны цусанд эрсдэлтэй асуудал гарч ирсэн. Хавдар байх магадлал өндөр байгаа тул яаралтай Цусны төв буюу Нэгдүгээр эмнэлэгт дахин шинжилгээ өг гэсэн. Үнэндээ би бөөр биш бол зүгээр л биз гээд ноцтой хүлээж аваагүй болохоор ажлаа хийгээд явж байсан чинь хоёр гурав хоногийн дараа залгаад “Та үзүүлсэн үү” гэж асуусан. Үгүй, ээ би үзүүлээгүй гэтэл та яаралтай үзүүлэх ёстой. Би танд цаг авчихлаа, та дугаарыг нь тэмдэглээд ав. Энэ хүн цусны эмч. Одоохон яриад оч. Би хэлчихсэн байгаа гэсэн.
– Жинхэнэ эмч хүн байна даа.
-Тэр эмчийг тэгж хэлэхээр санаа жаахан зовсон. Тэгээд тэр эмчид үнэхээр баярлах, хүндэтгэх сэтгэл төрсөн.Хамгийн гол нь өөрийнхөө өвдсөнд биш тэр эмчид худлаа хэлж болохгүй байсан учраас шууд эмнэлэг явсан. Ганаа эгчээ, таны ярилцлагад орж байгаагаа ашиглаад Нура төвийн тэр эмчид маш их талархаж байгаагаа хэлж болох уу. Миний хувьд онош тогтоогдсоноос хойш сэтгэл санаа хэцүү байгаа учраас очиж уулзаж, баярлалаа гэдгээ ч хэлж амжаагүй байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд жилийн өмнө би цусны шинжилгээ өгөхөд цусанд өөрчлөлт гараад эхэлчихсэн байсан юм билээ. Хамгийн гол нь шинжилгээ авсан хүн ч, тэрийг уншиж зөвлөгөө өгсөн эмч ч, бас би ч огт анзаараагүй байсан. Бүр үнэхээр хэн ч анзаараагүй, харамсмаар байгаа биз. Би тухайн үед улсын эмнэлгүүдээр, нэр хүндтэй хувийн эмнэлгүүдэд үзүүлж байсан байдаг юм.
Нура төвийн эмчийн ярьж холбосон тэр эмч дээр очиход миний авч очсон шинжилгээний хариуг хараад “за, таны шинжилгээг яаралтай заалтаар авъя” гэсэн. Яагаад яаралтайгаар гэж, тэгж төвөг удаад яах вэ, эгч нь хүлээж байгаад өгчихье гэж хэлж байхдаа ачаалал ихтэй эмчиддарамт болчихгүй санаатай байснаас, өөрийгөө хүнд өвчин тусаад байгаагаа огт мэдээгүй, тийм анзааргагүй. Ингээд шинжилгээгээ өгсөн. Хариу өөрчлөлттэй гарч ирсэн. Гэхдээ л би тийм ноцтой биш байлгүй дээ гэжитгээд л… Харамсалтай нь эмчийг “цаг алдаж болохгүй” гэж хэлэхэд ухаан орж байгаа юм. Сэтгэл улам хүндрээд лявчихсан, хамгийн түрүүнд бага маань бүр нялх байгаа шүү дээ… гэж бодогдоод ирж байгаа юм.
– Цусны хорт хавдар гэж оношлогдсон гэж сонссон.
– Эхлээд цусны хурц эмгэг гэж онош тавиад байсан л даа. Манайд ерөөсөө цусны өвчтэй хүн байхгүй. Ямар нэгэн удамшлын шинжтэй гэмээр түүх байхгүй. Хүн өөрөө хүнд байдалд орохоороо тэр зүйлтэйгээ холбоотой бүхнийг олж мэдэх гээд, хайж ухаж эхэлдэг юм байна. Тэгээд дахин дахин шинжилгээ өгөөд л дөрвөн сарын хугацаа өнгөрхөд дараагийн шатны буюу эдийн шинжилгээгээр хорт хавдар гэж тодорхойлогдсон.
– Одоо ер нь яах гэж байна. Цусны хорт хавдраар өвдсөн хүмүүс ихэвчлэн гадагшаа явж харагдах юм. Бас залуу хүмүүс нэлээд өртөж байна.
– Эмч нар хэлж байгаа. Манайх их ачаалалтай байна. Өдөрт багаар бодоход гурав дөрвөн хүн таны оноштой адилханаар тогтоогдож байна шүү дээ гэж. Харахад, тэр эмнэлгийн үүдэнд дугаараа хүлээн үзүүлэх гээд сууж байгаа хүмүүс хорин хэдхэн настай залуучууд. Би бараг тэднээс хамаагүй ахмад байгаа байхгүй юу. Надад үнэхээр тэр залуучуудыг харах хэцүү байсан. Нэг сонин юм нь манай төрөлжсөн эмнэлэг оношлоод байгаа ч тэр хүнээ хараад байлгаад байдаг. Байж бай, байж бай гээд л, нэг сар ажиглая дахиад нэг сар ажиглая гээд л юу хүлээгээд байгаа юм бэ, ойлгомжгүй. Эмч нар амандаа бөвтнөөд л,яг тодорхой юм хэлэхгүй зайчуулаад л… оношилчихоод оношиндоо итгэхгүй байгаа юм уу, аль эсвэл хавдрын эс нь нэмэгдэхийг, илүү хүндрэхийг хүлээгээд байгаа юм уу. Хугацаа алдаад, ажиглаж байна гээд байлгаад байх юм.Энэ хугацаанд нөгөөдөх нь улам даамжраад, өнөө эс мэс нь өсөөд байгаа байхгүй юу. Нэг эм ууна. Нөгөөхийг нь уугаад л байгаад байна. Өвдсөн хүн чинь эмч нарын амыг л харна. Ганцаараа биш гэр бүлээрээ, эргэн тойрныхонтойгоо түгшээд л, тэгсэн атлаа итгээд л хүлээгээд байна. Үнэхээр аймшигтай.
– Өвчтөнд, ар гэрт нь энэ цаг хугацаа бол маш хэцүү шүү дээ. Яагаад тэгдэг юм бол ?
-Гаргасан оношиндоо итгэхгүй байна гэж баймааргүй, дахин дахин шинжилгээ аваад л, нэг тийм тодорхойгүй.Тийм л юм шиг байна гээд онош хэлчихнэ, тэгээд та тэдэнд ирээд шинжилгээ өгөөрэй гээд л явуулна. Дахиад очоод шинжилгээ өгнө. Хэвээрээ, эсвэл үзүүлэлт өсчихсөн байх жишээтэй. Онош дөнгөж сонссон хүн илтэд шоконд орно, ганцаараа биш олуулаа, гэр бүлээрээ. Хэчнээн биеэ барьсан ч орсон шокноос амар гарахгүй. Гэтэл тодорхойгүй, эсвэл хэт тодорхой юм шиг байнга ирүүлээд шинжлээд дахин дахин.. цаг хугацаа яваад л байна… Журам нь юм шиг байна билээ. (уйлав)
– Танд ямар хэцүү байгааг сайн ойлгож байна.
– Тэгээд би шинжилгээнийхээ хариуг Хятад руу, мөн Солонгос руу явуулсан. Хоёр улсын эмнэлгээс хоёулангаас нь хариу ирсэн. Гэхдээ хоёулаа бид ахин шинжилгээ хийнэ. Бидний үзэж байгаагаар таны онош бол цусны архаг эмгэг, удаашралтай архаг хавдар. Таны онош бол нэн яаралтай ирж эмчилгээг эхлүүлэх шаардлагатай байна гэсэн. Цусны хавдар чинь дотроо 80 гаруй төрөл байдаг юм байна.
– Хятадад эмчлүүлж байсан Батзаяа гэдэг залуугийн хавдивын аяныг би хувиараа дэмжиж ажиллахаас гадна анхаарал тавин ажиглаж байсан юм. Тэр залуу эдгэсэн. Та тэгээд аль улсыг сонгосон бэ ?
– Төлбөр мөнгөний хувьд Хятад, Солонгос хоёр ойролцоо юм билээ. Тэгээд өөрөө бас Солонгост байсан учраас хэл ус, аль аль талаасаа ойлголцоход арай дөхөм юм болов уу гээд Солонгосын эмнэлгийг сонгосон. Эмнэлгээс маань бүх бичиг баримт нь хүрээд ирчихсэн. Ингээд байж байна.
– Мэдээж бидний хувьд эмчилгээний төлбөрийн асуудал маш хүнд. Эхний байдлаар гэж төлбөрийн багцаа хэлж байгаа биз дээ?
– Тийм. Эхний байдлаар танд 100 мянган доллар шаардлагатай шүү. Гэхдээ энэ бүх эмчилгээ багтсан эцсийн тооцоолол биш шүү гэсэн. Магадгүй үүнээс бага эсвэл бүр их ч төлбөр гарч болно. Яагаад гэвэл би тэдний эмнэлгээр ахин шинжлүүлж байж дараагийн шатны эмчилгээ төлөвлөгдөнө. Надад бол эхлээд химийн эмчилгээ хийгдэнэ. Энэ явцын үр дүнг харна. Чөмөг буюу үүдэл эс шилжүүлэн суулгах түвшин бол дараа дараагийн асуудал гэсэн. Миний биеийн хүлээж авах чадвараас л шалтгаалж дараа дараагийн шат яригдах юм шиг байнагэж би ойлгож байгаа.
– Хүмүүс олон зөвөлгөө өгдөг. Сэтгэлийн хаттай байгаарай, сэтгэл л хүчтэй байх ёстой шүү гээд л. Яг ийм үед энэ бүхэн маш төвөгтэй санагдаж байна уу. Гэвч бүгдийг л хамгийн хатуу хувилбараар тооцох ёстой болдог. Яагаад гэвэл анхны хэлсэн төлбөрөөр хязгаарлагддаггүй. Үүнийг бол туулж үзээгүй хүмүүс мэддэггүй л дээ. Та аль болох хурдан л явах ёстой.
– 100 мянган төгрөг биш, 100 сая төгрөг биш, 100 мянган долларын асуудал тулгарчихлаа. Энэ их мөнгөний тоог бодоод би үнэхээр бодож байгаа байхгүй юу. Тэгээд би яг эдгэрэх үү. Ах дүү амраг садан, ойр тойрноосоо баахан мөнгө гуйгаад, сайн санаат хүмүүс туслаад явлаа гэхэд яг эргэж ирэх юм уу, би. Хэрэв эргэж ирж чадахгүй бол гурван хүүхдийнхээ хамаг ирээдүйг үрэн таран хийчихнэ шүү дээ. Дор орчихсон тэжээлийн мал шиг тэжээлгэж тэжээлгэж байгаад яг онд орохын даваан дээр үхчихдэг шиг юм болбол би яах юм. Надад хамгийн аймшигтай юм энэ л байсан. Гэхдээ энэ бол анагаахын шинжлэх ухаан хөгжчихсөн зуун. Эдгэрэх магадлал өндөр гэсэн учраас би явахаар шийдсэн. Нэгдүгээрт, мөнгөний асуудал. Хоёрдугаарт, миний бие илүү муу түвшин рүү орохгүй байх ёстой. Ийм л байдалд байна даа.
– Бүр эцсийн шатанд тулж оччихоогүй байгаа дээр яаралтай л хөдлөх ёстой. Манай сэтгүүлчдийн нэг хэцүү юм бид бусдын төлөө хуйлраад л, давалгаалаад л зүтгэдэг. Өвчин зовлонд сөхөрсөн хүмүүсийн мөнгийг босгож өгдөг. Гэтэл яг өөрсдөө хүнд хэцүүтэй тулахад тус тусдаа гүрийгээд яваад байдаг.
– Ах дүү нартаа хэлэх хүртэл надад ямар хэцүү байсан гэж санана. Би албатай юм уу. Эд нар маань баян тарган хүмүүс юм уу. Хүмүүсээс тусламж гуйх, хандив хүсэх надад үнэхээр асар хэцүү санагдаж байна. Би тэд нарын төлөө амьдарч яваад өвдөөгүй. Гэтэл би бас амьдарчихмаар байна шүү дээ. (уйлав) Миний гурван хүү яах юм бэ. Тэд минь яана. Би ерөөсөө энэ хоёр туйлын дунд байна.
– Та хүүхдүүдийнхээ тухай ярьж болох уу ?
– Миний том хүү одоо хоёрдугаар курсын оюутан. Санхүү Эдийн засгийн дээд сургуульд сурдаг. Дунд хүү маань Хятадад сурдаг. Одоо 11 дүгээр анги. Бага маань хоёрдугаар анги. Ээжтэйгээ хамт амьдарч байна. Хоёр том хүү маань өсвөр насандаа ирчихсэн, яг амьдралынхаа гараан дээр зогсож байгаа байхгүй юу. Хэрэв би алга болчихвол тэдний минь мөрөөдөл, ирээдүйн амьдрал юу болох юм бэ.
– Ийм үед гараас хөтлөөд хамт туулах ханийн дэмжлэг асар чухал юм байдаг.
-Би хүүхдүүдээ ганцаараа өсгөдөг. Нөхрөөсөө салсан л даа. 2019 онд бид салсан. Манай гурван хүүгийн аав хүнтэй суугаад явчихсан. Хүн их сонин байдаг юм байна. Өвдсөний дараа хүн гомддог юм байна. Энэ хавдар гэдэг өвчнийг хүмүүс хэлдэг дээ. Гомдсон эсүүдийн бөөгнөрлийг хавдар гэдэг гэж. Яагаад хүмүүс тэгж хэлдгийг би одоо ойлгож байгаа байхгүй юу. Би тэр хүнд гомдоогүй, гомдохгүй гэж бодоод яваад байсан чинь үгүй байж. Уучилчихсан гэж бодоод яваад байсан чинь уучлаагүй байсан юм байна. Хоёр том маань дунд сургуульд,бага маань хоёр нас хүрээгүй шахам байхад би тэр хүнээс салсан. Итгээд, хамтдаа бүгдийг бүтээнэ гээд явж байсан амьдрал нэг л өдөр цаашаа явах замгүй болж, мухар гудамжинд гурван хүүхэдтэйгээ үлдэхдээ би за яахав дээ,заавал хамтдаа хорвоог туулах ёсгүй л байж дээ. Ганцхан надад ийм явдал тохиолдож байгаа биш гэж бодоод давсан. Гэтэл ийм зүйлтэй тулгараад, өнөөдөр эргээд харсан чинь миний гомдол, миний сэтгэлийн шарх аниагүй явжээ. Үүнийг мэдрэх, тэр хүний одоо ийм үед надад үзүүлж байгаа хандлага нь сэтгэл зүрхийг минь аймшигтай өвтгөж байгаа байхгүй юу. Яагаад, яаж чадаж байна аа, би тэр хүнийг уучлаад бас тэр их доромжлолыг мартаад хэзээ нэгэн цагт хөвгүүдээ бараадаад ирэх нүүрийг нь үлдээх гэж багагүй хичээсэн шүү дээ.
– Та тайвшрах хэрэгтэй. Хоёулаа хэсэг завсарлах уу ?
– Гэнэтийн ийм зовлонгийн өмнө ирээд надад урам зориг өгөх байх гэж яагаад ч юм тэр хүнээс хүлээсэн. Бид 15 жил амьдарсан. Дөнгөж 20 хүрч байхдаа гэр бүл болж, гурван хүүхдийн ээж аав болсон хүмүүс. Тэр утгаараа би тэр хүнээс сэтгэлийн дэм хүлээсэн байх. Гэтэл тэгээгүй.Тэр хүн зүгээр л надад хэр хугацаа үлдсэн болохыг яаран асуусан байсан, том хүүгээсээ. Хүү маань үзэн ядсандаа уйлж ч чадахгүй шоконд орсон байхыг хараад, би хэнд яах гэж итгээд л яваад байснаа, хэрхэн амьдарч байснаа өөрийн эрхгүй эргэж харсан. Би хэзээ ч хөвгүүддээ эцгийг нь муулж, муухайгаар хэлж байгаагүй. Бас эцгийгээ уучилж, хожим хойно та нарыг бараадаад ирвэл хэзээ ч битгий муухай зан гаргаарай гэдгийг ойлгуулж, нээлттэй ярилцдаг. Тэр хэмжээгээр хөвгүүд маань эцэгтэйгээ харилцах харилцаа нь сайжирч, ээжийгээ гомдоосон гэж, өөрсдийг нь орхиод өөр хүний хүүхдүүдэд эцэг болох гээд хичээж байгаа байдлыг нь үзэн ядахгүй ойлгох хэмжээнд байж чаддаг байсан. Гэтэл тэр хүний хандлага хөвгүүдээсээ асууж байгаа асуулт бол зүгээр л тас цохичихсон, бүх зүйлийг…
Амьдралын асар хүнд шуурганд нөмрүүлэн,асгартлаа уйлан байгаа цэл залуухан бүсгүй… Гаднаасаа янз бүрээр гүтгүүлж дайруулсан ч шазруунаар үзэлцэж харагддаг сэтгүүлч бүсгүй.
Биднийг чулуугаар хийгээгүй. Бид ч адилхан сөхөрч, цөхөрдөг. Бас цаашаа хараад уйлан нурдаг.
Зочиндоо ус уулган тайвшруулаад, хэсэг ярилцахдаа албаар ажлын орчиндоо тохиолдож байгаа явдлууд, өрнөж буй сэдвүүд рүү түүнийг татан оруулах гэж би хичээж байв.
Эрс шийдэмгий зан, шулуухан зан авиртай энэ хөөрхөн ээжийг бурхан ивээнэ. Бид эргээд инээлдээд уулзах цаг ирнэ ээ…
-Тэр нэг баг болж тэмцэхээр ирэхгүй бололтой, тийм үү?
-Бид хэдийгээр салсан ч биднийг насан турш холбох гурван хүү минь байгаа. Намайг хэрэв энэ өвчнийг ялж чадахгүй бол хүүхдүүд минь яах бол гэж тэр хүнийг шаналж байгаа болов уу гэж би бодсон. Сэтгэл нь өвдөж байгаа даа гэж бодож байсан. Бид чинь гурвын гурван хүүхдийн эцэг эх бололцсон, өчнөөн жилийг хамт туулсан хүмүүс шүү дээ. Гэтэл хөвгүүд рүү маань залгаад ярьсан яриа нь намайг маш их шархлуулсан. Та нарт өр шир юу байна. Ээж чинь байрныхаа өрийг төлж дууссан юм уу гэж хүүгээсээ асуусан байгаа юм. Үүнийг сонсоод л миний тэр хүнээс хүлээж байсан сэтгэлийн дэмжлэг байхгүй юм байна гэдгийг би ойлгосон. Чи эдгэнэ ээ, чи чаднаа гээд ярих байх гэж л би хүлээж байсан байгаа байхгүй юу. Гэвч тэр хүлээлт утгагүй зүйл юм байна гэдгийг би ойлгосон. Биднээс өчүүхэн төдий ч авах авлага байхгүй, тэр хүн .Хэрэв намайг үхчихвэл гурван хүүхдийн минь амьдралаас байгааг нь булаах гэж байгааг тэр асуултаас нь шууд ойлгож байгаа юм. Ийм эвгүй мэдрэмжийг надад төрүүлсэн. Тийм болохоор би үхэж болохгүй гэж хатуу шийдсэн. Хүүхдүүд маань маш их айж, хямарч байгаа. Яаж тэднийгээ бүлтэлзүүлээд орхих юм бэ. Хүүхдүүдэд маань зөвхөн би л хэрэгтэй. Тэднийгээ орхиж болохгүй, тийм эрх ч надад байхгүй.
– Таныг улам эмзэглүүлчихлээ. Уучлаарай. Та ялж чаднаа. Хямарч л болохгүй шүү.
-Хөвгүүдийнхээ эцэгтэй учрахад бид цэл залуу, бүр жаахан хүүхдүүд байсан. Мэдээж бидний дунд тэр бүх сайн сайхан зүйлс байсан байж таарна. Тэгээд гурван хүүхэд маань бидний дунд байгаа болохоор яагаад ч юм түүнийг баатар шиг гарч ирээд, бидэнд түшиг тулгуур болно гэж төсөөлж байсан байх л даа, гэнэн л байхгүй юу. Ганаа эгч ээ, таны ярилцлагад орж байгаа юм чинь би нэг зүйлийг яримаар байна. Болох уу.
-Та хүссэнээ ярьж болно шүү дээ. Юу юм бол ?
-Би залуучууддаа уриалмаар байгаа юм. Ялангуяа сэтгүүлчиддээ. Энэ салбарт маш олон эмэгтэйчүүд гэр бүлээ аваад, хүүхдүүдээ өсгөөд, бүсээ чанга бүслээд жирийж явдаг. Хэнд ч гомдол хэлэхгүй, хэнээс ч тусламж хүлээхгүй, жирийгээд л… жирийгээд л. Ажлаа ч хийж,амьдралаа ч босгоод л, цаг наргүй амьдралын төлөөзүтгэж байгаа. Хамгийн гол нь өөрсдийгөө хаячихдаг . Зүгээр л хамгийн ойрын эмнэлэг рүү очоод “эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай” гэж би тэднийгээ уриалж байна. Бид “Хүмүүсээ эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай” гээд л мэдээгээ бичээдбайдаг атлаа өөрсдөө очдоггүй юм байна. Өвдөж зовсон, аргагүй байдалд орсон хүмүүсийг сурвалжлаад л, тэдэнд туслах гээд энд тэндээс тусламж эрээд гүйдэг. Өөрсдийгөө хаячихдаг. Ингэж явж болохгүй юм байна. Тиймээс өөрсдөө шинжилгээндээ хамрагдаарай. Битгий хойш нь тавиарай гэж аминчлан гуймаар байна. Даралт чинь хэлбэлзээд байвал, хамраас чинь цус гарвал, бие чинь сулраад хүндрээд байвал эмнэлэг рүү шууд яв. Шинжилгээнд хамрагдаад эмчид үзүүл, өөрсдөө шинжилгээгээ сайн унш, нарийвчлаад хар, шинжилгээ яаж уншиж болохыг интернэтээр дүүрэн зөвлөсөн зөвлөгөө оруулсан байгаа. Тэрнээс харж байгаад өөрсдийн шинжилгээгээ нарийн унш гэж хэлмээр байна. Ядраад, ямар нэгэн байдлаар биед тань өөрчлөлт орвол шууд эмнэлэг явах ёстой юм байна шүү. Үүнийг битгий мартаарай гэж хэлэхийг хүссэн юм.
-Эмч хүний охин болохоор эрүүл мэндийн чиглэлээр илүү мэдлэг хуримтлуулсан байдаг байх. Аавыг тань эмч хүн байсныг мэднэ.
– Аав ээж хоёр маань хоёулаа анагаахын хүмүүс. Аавын эмчийн үнэмлэх 19 дугаартай. Анагаахын шинжлэх ухааны сургууль сууриа тавьж байхад энэ салбарт орж ирж байсан анхны эмч нарын нэг. Ээж маань сувилагч. Ховд аймагт сувилагчийн сургууль нээгдэхэд очиж суралцсан анхны төгсөгчдийн нэг. 1960-аад оны эрүүл мэндийн хувьсгалын шанг татаж, улаан тарианы эмчилгээг орос мэргэжилтний заавраар гардан хийж байсан хүн. Ээжийн эх барьж төрүүлсэн хүүхдүүд 50 гаруй насанд хүрсэн байна. Гэтэл Монгол ардын хэлц үг байдаг, загасчны морь усгүй гэдэг. Аав ээж хоёр минь намайг ямар их нандигнаж, эрхлүүлж өсгөсөн билээ. Гэтэл би өөрийгөө тоодоггүй явсан байна, бүр энэ хүртэл явсан байна.
– Нэг гэр бүлээс хоёр сэтгүүлч гарчээ. Таны эгч Х.Ган-Ялалтыг сонинд байхаас мэднэ. Бас л эрэмгий, эрсдлээс ухардаггүй хүн шүү дээ. Аав тань таныг сэтгүүлч болоход юу хэлж байв ?
-Манай аав биднийг ямар мэргэжил сонгомоор байна, ямар замаар явмаар байна, юу хиймээр байна тэрийгээ л хийж амьдар гэдэг. Хамгийн гол нь манай хүүхдүүд хаана ч газардахгүй хүмүүжилтэй, хэнд ч дарагдахгүй удам сайтай гэж хэлдэг хүн байсан. Харин эмч болъё гэсэн бол хориглож мэдэх байсан байх. Тиймээс намайг энэ салбар руу ажиллахаар ороод ирэхэд юу ч хэлээгүй, харин ч чи чадна гэж урам өгсөн. Харин эгч маань хэцүү шүү, хэцүү юман дундуур явна шүү. Чи чадах юм уу гэж хатуу хэлж байсан. Одоо бол эгчийгээ түшээд л явж байна. Аав ээж хоёр минь байхгүй болчихлоо. Хорвоог хамт туулна гэж итгэж найдаж явсан хань нөхөр маань өөр бүсгүй дагаад, хүүхдүүдтэй маань орхиод явчихлаа. Өөр би хэнийг түших юм бэ. Өөрийн эрхгүй нэг зүйл миний сэтгэлээс гардаггүй. Манай хүүхдүүдийн аав бага хүүгээ хөлд орж ядан, ид унаж тусан паацганаж байх үед тэр хүүхэн рүүгээ явах гээд л байсан. Заяа чи хүчтэй ш дээ. Чамд ах эгч нар чинь байна. Тэр эмэгтэйд бол хэн ч байхгүй. Хоёр хүүхдээс нь өөр хэн ч байхгүй. Өрөвдөлтэй шүү дээ. Тэрэнд хайр хэрэгтэй гэж надад хэлж байсан. Ийм үг сонсохоор хэлэх үг олддоггүй юм билээ. Угтаа бол би гурван хүүхэдтэйгээ үлдэж байгаа, би өрөвдмөөр биш гэж үү. Би эмэгтэй хүн биш юм уу. Би хайрлагдах эрхгүй юм уу гэж дотор минь эрчилж, гол минь харлаж байсан ч би шүд зуусан. Би хүүхдүүдээ нэгэнт ингээд тал орчинд өсгөж байгаа юм чинь ганцхан эхийн хайр хангалтгүй, аав нь юм шиг, дээрээс нь найз нь юм шиг бүр илүү бүтэн хайраар өсгөхийн төлөө би хичээн зүтгэдэг. Миний том хүү надад хэлсэн. Ээж ээ, та минь бид гурвыг өсгөх гээд чөмгөө дундартал зүтгэчихсэн байна шүү дээ гэж. Таны чөмөг байхгүй болчихсон байна гэж хүү минь уйлаад хэлэхэд миний зүрх зүсэгдэх шиг л болсон. Ээж ээ, хүү нь таныхаа төлөө хичээнэ. Сургуульдаа амжилттай сурна. Та минь л эдгэх ёстой шүү гэдэг. Надад үхэх эрх байхгүй. Би хүүхдүүдээ өсвөр насанд нь, ээж нь хажууд нь байх ёстой хамгийн чухал үед нь орхиж болохгүй. Тиймээс би тэмцэх ёстой. Ээж аав маань намайг өсвөр насанд минь орхиогүй энхрийлж хайрлаж өсгөсөн байхад би хүүхдүүдээ орхиж болохгүй, хайраар дутааж болохгүй.
-Бид бүгдээрээ ард чинь байгаа шүү. Заавал ялаарай. Байнга холбоотой байгаарай гэж хэлмээр байна.
– Намайг зоригжуулж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа. Би энэ өвчнөөр өвдсөн олон зуун хүмүүст итгэл найдвар өгч, өөрөө заавал эдгэрэх ёстой. Чадахаараа судалж, хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулж хүмүүст хүргэнэ гэж бодож байгаа. Хэрэв миний бие дийлбэл би зүгээр суухгүй, би ер нь зүгээр суух дургүй талдаа хүн. Магадгүй бодож байснаас маань гайгүй байгаад надад боломж гарвал би ашиглаад өөр шигээ энэ өвчнөөр өвдсөн, тэр давааг давах гээд мачийж байгаа хүмүүст өөрийнхөө туршлага дээр үндэслээд давах сэтгэлийн тэнхээ, шаардлагатай мэдээллээр хангаад гүйх болно. Хүнд туслах, тэр дундаа тусламж маань хүнд хүрч байгааг харах хамгийн сайхан. Хэнд ч хэзээ ч хэлэхгүй ч би энийг хийсэн юм шүү дээ гээд өөртөө хэлээд өөрийгөө урамшуулаад гүйх чинь сайхан ш дээ. Би их урам авах, хэн нэгнээр дэмжүүлэх дуртай хүн юм шиг байгаа юм, ээж аав эгч ах нарынхаа хайранд өсөж тэдэнд эрхэлж өдий хүрсэнийх л байх…
Түүнийг хүнд хэцүү даваанууд хүлээж байгаа. Гэсэн ч тэр энэ өвчний талаар судалж, өөртөө тулгарч буй бүхнийг хүмүүст хэрэгтэй туршлага болгон дамжуулж, хэрэгтэй мэдээллүүдээр контент хийх тухай ярьсаар л гарлаа.
8 thoughts on “Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Ц.Баатархүү: 5G сүлжээ нэвтрүүлснээр хот, хөдөөгийн дижитал ялгаатай байдал арилна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрээр "Орон даяар 5G сүлжээ...
Хөөрхөнөө, би эмч хүн, бас сэтгэл зүйч. Боломж байвал хамтдаа тэмцэе гэж бодлоо.
Сайхан эмэгтэй минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай чи тэгж чадна чамд туслах олон хүн байгаа мэргэжил нэгт нөхөд чинь хандивын аян зохион байгуулна гэдэгт би итгэлтэй байна.Монголын ард түмэн нэгдэх болно.
үзэсгэлэнт минь анагаахын салбар хөгжиж буй дээр нь чи эрч хүчтэй тул даваад л гарна. гурван хүүгийнхээ хуримын ширээний ард заавал суугаарай.
Хурдан эдгэх байхаа. Зориг бүхнийг дийлнэ.
Saihan bysgyi mini edgej chadnaa
Chamd enhrii saihan hyyhdyydiin chin Zaya tushij edgereh bnoo.
Odoo hetsyy bsn ch butsaad az jargalaar duuren ireh on jiluud aisyi
Bitgii shantraarai zorigtoi tevcheeretei bgaarai 🤞🙏🥰
tuslanaa dansaa