Монголд хэрэгжээгүй “мөрөөдөл”-ийн ЖАГСААЛТ Улс төрийн нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш юм. Хэрэв мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт төдийхөн байсан бол хэн ч, юу ч гэж мөрөөдөж болно. Түүнд ямар ч тооцоо судалгаа хэрэггүй. Гэтэл мөрийн хөтөлбөр гэдэг бол бодит тооцоо судалгаан дээр үндэслэсэн бодлого юм. Сонгуулийн үр дүнд ялалт байгуулвал эх орноо ингэж хөгжүүлнэ гэсэн бодлого.

Энэ удаагийн сонгуульд ямар нам эвсэл, ямар мөрийн хөтөлбөр боловсруулж оролцож байгаа нь чухал боловч өмнөх сонгуулийн үеэр амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлсэн талаар дүгнэлт хийж, дүн тавих цаг ирлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц, хөдөлмөр эрхлэлт, ажлын байртай холбоотой бүхэн эргээд эдийн засагтай холбогдоно. Монгол Улс эдийн засаг, эрчим хүч, түлш шатахуун, жижиг дунд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбар, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг бодитоор хөгжүүлсэн тохиолдолд сая хөгжил ирнэ. Сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болсон МАН-ын 2020 онд мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан эдийн засгийн өсөлт, төрөлжилттэй холбоотой зарим амлалтуудыг нэхэн сануулж байна.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНИЙГ 20-30 ХУВЬ ХЯМДРУУЛНА
Энэ амлалт эсэргээрээ хэрэгжсэн гэхэд болно. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох нь бүү хэл ашиглалтад орох хугацаа нь хойшилсон. Улмаар төсвийн өртөг нэмэгдсэн. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Улмаар анх газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацааг 2021 он гэж тооцож байсан ч хамгийн сүүлд 2027 онд ашиглалтад орох тооцоо гарсан. Тус үйлдвэрийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдсэн юм. Ямартай ч дараагийн сонгуулиас өмнө газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахгүй бол гурван удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “газрын тосны үйлдвэр” барихаар тусгасан түүхэн бүтээн байгуулалтын тоо нэгээр нэмэгдэх вий. Газрын тос боловсруулах үйлдвэр нь ашиглалтад ороогүй учраас бензин шатахууны үнэ буурсан эсэх талаар энд дурьдах нь илүүц биз. Товчхондоо өнгөрсөн хугацаанд эрчим хүчний үнэ 30 хувь хямдрах биш 30 болон түүнээс дээш хувиар өссөн үзүүлэлт, үр дүнг иргэд нуруун дээрээ үүрсэн.

ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛНО
Өөдрөг өөдрөг гэхэд арай л хэтэрхий өөдрөг мөрөөдөлтэй байгаа юм шүү. Мөрийн хөтөлбөр гэдэг мөрөөдлийн жагсаалт биш гэдгийг дахин сануулах байна. Монгол Улс эрчим хүчээ экспортлох нь бүү хэл дотоодын эрчим хүчээ хангаж чаддаггүй учраас урд, хойд хоёр хөршөөсөө эрчим хүчний бүрэн хамааралд орсон. Хэрэв дүн өвлөөр ОХУ-аас эрчим хүчээ таслачихвал улс даяараа хөлдөж, дэлхийн хөгжлөөс тасрах эрсдэл одоо ч бий. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр оргил ачаалал 1467 МВт хүрчээ. Цаашид хэрэглээ үүнээс давбал хэрэглэгчдийг хязгаарлах нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэрэглээ жилд дунджаар 150-230 Гкал/ц-аар нэмэгдэж, агаарын температур удаан хугацаанд -39° градусаас дээш хүйтэрбэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, дулаан дамжуулах сүлжээний алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэл үүссэн гэдгийг салбарын сайд нь хэлж байсан. Эрчим хүчний салбар доголдох болсон хамгийн том шалтгаан бол үйлдвэрлэлийн зардлаассаа бага зардлаар эрчим хүчээ худалдан борлуулдаг тогтолцооны гажигтай шууд хамааралтай. Тогтолцоо гажуудсан гэдгийг бүгд мэддэг ч хэн ч түүнийг засах оролдлого хийдэггүй. Үнэндээ хүсэл нь байвч зориг нь байдаггүй. Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдээ халамжийн бодлогоор угжиж ирсэн улстөрчдөд иргэдийнхээ өмнө гараад эдийн засгийн тогтолцооны бодит үнэнийг ярих хүн алга. Хэрэв эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх талаар ам нээвэл хэлсэн үгэндээ хэрчүүлээд улстөрийн тавцангаас арчигдах эрсдэлтэй учраас хэн ч энэ талаар ярьж зүрхэлдэггүй. Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй байснаас шалтгаалан 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөг, 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ мэтээр тус салбарт тулгамдсан асуудлыг тоочоод барахгүй нь…

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ УЛС БОЛНО
Төр хувийн хэвшлийн түншлэл гэж ярихаас илүүтэй төрийн данхар бүтэц гэж ярих нь тохиромжтой болов уу. Өнгөрсөн хугацаанд төсөв дөрөв дахин тэлсэн байхад, ДНБ-ний төсөвт эзлэх жин ердөө тавхан хувь байна. Энэ бол төр хэрхэн томорч, төсөв хэр данхайж, хувийн хэвшлийн орон зай хэрхэн хумигдсан бэ гэдгийг харуулж буй дүн. Гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд буурсан. Томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх шинэ хөрөнгө оруулалт ганц ч орж ирээгүй.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДАРААХ ЦОГЦОЛБОРУУДЫГ БАЙГУУЛНА
-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

-Тавантолгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.

-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.

-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.

-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.

-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.

-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна

-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.

2.2.3. Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.

2.2.5. Махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ.

2.2.6. Малчин, тариаланчдын нийгмийн асуудлыг шийдэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.2

2.2.8. Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

2.2.9. “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.

2.2.10. “Монгол мал-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малыг эрүүлжүүлэх, чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.

2.2.11. Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх цахим тогтолцоог хөгжүүлж өргөжүүлнэ.

2.2.12. Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, малын эмч, зоо-техникчдийг тэтгэлэгт хөтөлбөрөөр бэлтгэн, хөдөө орон нутагт ажиллуулна.

2.2.13. Халдварт өвчинтэй тэмцэх, мал сүргийг бүрэн вакцинжуулах дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулна.

2.2.14. Био-комбинатын өргөтгөлийг бүрэн дуусгаж, малын эм тарилга, вакциныг дотоодоос бүрэн хангана.

2.2.15. Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно.

2.2.16. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулна.

2.2.17. “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

2.2.18. Төмс, байцаа, манжин, лууван, сонгино, сармисны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаад зах зээлд экспортолж эхэлнэ.

2.2.19. Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.

2.2.20. Төмс, хүнсний ногооны импортын гаалийн татварыг 10-15 хувь хүргэн нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хамгаална.

2.2.21. Таримлын сэлгээ, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

2.2.22. Газар тариалангийн бүс нутагт усжуулалтыг нэмэгдүүлж, үрийн шилмэл сортын нөөц бүрдүүлнэ.

2.2.23. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.

2.2.24. ХАА-н даатгалын тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.

2.2.25. Хан-Уул дүүрэгт Ээрэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.

2.2.26. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, шинээр ган, шилний үйлдвэрийг байгуулна.

2.2.27. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.28. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийн Эко парк байгуулна.

Монгол Улсын цар тахлын үед үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон байхын гашуун үнэнтэй нүүр тулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын тухайд алхам бүү хэл сөөм ч урагшилсангүй. Харин ч дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа томоохон үндэсний үйлдвэрлэгчидээ хааж боох шийдвэр гаргасан. Тухайлбал, дотоодын гурилын үнэ өндөр байгаа учраас улаанбуудайн болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой бус хугацаагаар импортын татвараас чөлөөлсөн. Цаашлаад дотооддоо барилгын материалын гол түүхий эд болох цементийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдийнхээ амыг барихаар цементийн гаалийн татварыг 20 хувиар бууруулав. Цаашлаад олон арван жил улиг болон яригдсан ч баригдаж байгуулагддаггүй эрчим хүчний төслүүд ч олон бий. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах талаар 2020 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө ч тусгасан байна. Энэ мэтчилэн Монголд хэрэгждэггүй мөрөөдлийн жагсаалтууд уртаас урт үргэлжилж байна

+ There are no comments

Add yours