“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Уул уурхай, технологийн хэлтсийн дарга Г.Хишигбаяртай ярилцлаа. 

-Уурхайн талаар багахан мэдээлэл өгөөч. Уурхайч­дын хэдэн хувь нь хал үзсэн хашрууд байна вэ?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн харьяанд байгаа хоёр уурхайг 2009, 2010 онд ашиглалтад оруулсан. Төмөртэйн уурхай Монгол Улсын стратегийн орд гэж явдаг. Уурхайд ажил­лагсдын 90 орчим хувь нь хувийн хэвшилд орохоос өмнө болон хойно ажиллаж байсан.  

-Ил уурхайн аюулгүй ажил­лагааны дүрэм алдагдсан талаар уншиж байсан. Ямар доголдлууд гарсан хэрэг вэ?

-Уурхайг төрд авахаас өмнө хувийн хэвшил хариуцан ажил­лаж байхдаа хүдэр олборлолт­доо анхаарч, уурхайн төмрийн агууламж өндөртэй хэсгээс ахиу олборлолт хийх зорилготой ажиллаж байснаас үүдэлтэй ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, ил уурхайн параметр зэргийг орхигдуулжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ийм доголдолтой байдлаар 2014 оноос 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл 10 орчим жил ажилласан. Ил уурхайн параметр гэдэг маш нарийн харьцаатай байх ёстой. Ил уурхайн хамгийн налуу, гидрогеологи, геотехникийн нөхцөлүүдийн хүрээнд судалгаа огт хийгдээгүй. Ул талбай, уурхайн үндсэн нөхцөлүүд үндсэндээ орхигд­сон байдалтай байсан. Тэгэхээр уул, геологийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэсэн үг.  

-Төрд авснаар хамгийн тү­рүүнд хийж эхэлсэн ажлууд нь юу байв?

-Уурхайг төрд авсан сүүлийн хоёр жил энэ доголдлыг засах чиглэлд ажиллалаа. Ил уурхайн алдаатай параметрийг засна гэдэг цаасан дээрх бичиг засахтай адил зүйл биш учраас хурдтай хийх боломжгүй ахилтаараа засдаг. Бид 1080-ын түвшинд засалт хийх шаардлагатай бол 1075-ын түвшинд очиж дараагийн ахилтаа хийж засах боломжтой гэсэн үг. Энэ байдлаараа уурхай тогтмол жигд ажиллаж чадах юм бол жил, хоёр жилийн дараа Монгол Улсын ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, үндсэн параметрийн түвшинд гайгүй хүрчих болов уу. Цаашдаа ч бидэнд засах засварууд байгаа, хоёрхон жилийн хооронд бүрэн засвар хийгээд дуусчихлаа гэсэн үг бас биш. Бид уурхайн хэмжээнд 70 хувийн засалт, сайжруулалтаа хийсэн гэж ойлгож болно.  

-Ажилчдын нийгмийн асууд­лууд, цалин хөлсний талаар төрд авснаас өмнө ба хойно хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Ажилчдын сэтгэл санааны байдал нэлээд дор орсон, уурхайчдын өрхийн орлого Монгол Улсын уул уурхайн салбарын ажилчдын орлогоос хамаагүй доогуур орчихсон байлаа. Төр үйлдвэрийг өмчлөлдөө буцаан авснаар ажилчдын цалин орлого эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад ажилчдын сэтгэл санааны байдал харьцангуй сайжирсан үр дүн ажиглагдаж байна.  

-Төрийн удирдлага, менеж­ментийг нэвтрүүлснээр гарсан өөрчлөлт, ахиц дэвшил, чанар стандартын хувьд ч юм уу?

-Үйлдвэрт нэгдсэн менежмен­тийн тогтолцоог хэрэгжүүлж эхлээд байна. Байгаль орчны менежмент 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 45001, ISO 9001 гурван стан­дартыг нэвтрүүлж эхлээд байна. Эдгээр стандартаа мөрдөөд чанарын гэрчилгээгээ авах юм бол Монгол Улсын хэм­жээнд цаашлаад дэлхийн стан­дартын шаардлагыг хангасан уул уурхайн компани болно гэсэн үг.  

-Уурхайн хэвийн үйл ажил­лагаа сэргэж олборлолт хэвийн явагдаж эхэлсэн үү?

-Төр өмчөө эргэн авахад уурхайн үндсэн тоног төхөөрөмж гэхээр юм үлдээгүй байсан. Төр үйлдвэр, уурхайгаа эргүүлж аваад бид үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд түрээсийн тоног төхөөрөмж, машин механизм авч ашиглах байсан үе бий. Энэ оны хувьд бид түрээсийн тоног төхөөрөмж, машин механизм байхгүй учир өөрсдийн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулна. Паркийн хэмжээнд 30-70 гаруй тоног төхөөрөмж, машин механизм ашиглаж байна. Үүнээс гадна бид хуучин тоног төхөөрөмж, машин механизмаа засаж, додомдож ажилд гаргахаар бэлдэн сайжруулж байгаа. 

-Хувийн хэвшилд байхдаа машин механизм, тоног төхөө­рөмжийн парк шинэчлэлт, засвар үйлчилгээ хийгээгүй хэрэг үү?

-Нөхдүүдийн хувьд парк шинэч­лэл бүү хэл техникүүдийнхээ засвар үйлчилгээг хийлгүй нэ­лээд зүтгүүлэх маягаар ажиллаж ирсэн юм билээ. Паркийн 70 орчим хувь нь насжилт өндөртэй машин механизмтай. Гэсэн ч он залуу техникүүд хүртэл эвдрээд зогсчихсон байсныг бид хүлээж авсан. Техникүүддээ засвар үйлчилгээ хийж, ажиллах хүчин чадалтай болгох хэмжээнд хүргэхэд маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг юм байна. Гэсэн ч бид энэ нүсэр ажлын ард гарч чадлаа. 2024 онд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахад бэлэн болсон.  

-Уурхайн үйл ажиллагаа жигдэрсэн гэж байна. Энэ жилийнхээ бизнес төлөвлөгөөг гаргасан байх. Хэдий хэрийн хүдрийн баяжмал экспортлох хүчин чадалтай вэ?

-Бидэнд “Эрдэнэс Монгол” корпорациас баталж өгсөн бизнес төлөвлөгөөний хүрээнд хоёр уурхайгаа ажиллуулж байна. Экспортын хэмжээ биднээс үл шалтгаалах байдлаар тогтоогдоно. Төмөр замын тээвэрлэх, нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалдаг. Түүнээс бидний эзэмшсэн уурхайн олборлох хэмжээ жилд хоёр сая тонн гэж яригдана. Эрэлт нийлүүлт нэмэх нь төмөр замын ачаа нэвтрүүлэх хүчин чадлаас хамаараад “Эрдэнэс Монгол” нэгдэл бидэнд төлөвлөгөө баталж өгдөг. “Дарханы төмөр­лөгийн үйлдвэр” өнгөрсөн онд 40 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь түүхэндээ байгаагүй ашиг орлого юм билээ. Уурхайчид энэ амжилтаараа маш их бахархаж ажиллах урам зориг авсан. Үүнээс цааш биднээс үл шалтгаалах эдгээр хүчин зүйлсээ шийдвэрлэчих юм бол уурхайчид бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн байна.  

-Уурхайчид юу хүсэж байна?

-Дарханы иргэд, “Дархан” төмөр­лөгийн үйлдвэрийн ажилчдын чин хүсэл бол орон нутагт байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж маань хэвийн жигд ажиллаж, орон нутаг болон ажилчдадаа ээлтэй, дэлхийгээс байг гэхэд Монгол Улсын уул уурхайн жишиг цалин хангамжтай ажиллая гэдэг хүсэл мөрөөдөл уурхайчин бидэнд бий. Би энэ үйлдвэрт уурхайчидтай 10 гаруй жил хамтарч ажиллалаа, бид биесээ сайн мэддэг болжээ. Уурхайчдын энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд удирдлагын багт орж хичээн ажиллаж байна. Төр муу менежер биш сайн менежер гэдгийг харуулах зорилготой байна даа.  

-Ярилцсанд баярлалаа.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/

+ There are no comments

Add yours