Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал”-ыг “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Ийст корридор рэйлрөүд” ХХК, БНХАУ-ын талаас Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Гаалийн ерөнхий газрын Боомтын захиргаа, Улсын төмөр замын газар, Ляонин мужийн худалдаа, тээврийн асуудал эрхэлсэн агентлагууд, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад харилцааны газар, Жинжөү хотын Ардын Засгийн газар болон Жинжөү боомт ХХК зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Энэ үеэр “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Улаанхад-Чаоян-Жинжөү боомт) төслийн бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал бодлоо солилцлоо.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Элчин сайд Т.Бадрал арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд зам, тээврийн салбар чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай хиллэж байгаа боомтуудын хүчин чадлыг сайжруулж, хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилтай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж буйг онцлов.
Түүнчлэн “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгагдсан зүүн коридорын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэснээр төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал хэд дахин нэмэгдэх боломж бүрдэх бөгөөд үүнийг эхнээс нь зөв үнэлэх, зөв тооцоолох, хэрхэн, яаж бүтээн байгуулах тал дээр талууд нэгдсэн ойлголт, байр сууринд хүрснээр энэхүү том бүтээн байгуулалтыг богино хугацаанд, амжилттай хэрэгжүүлнэ” гэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Итгэлт “Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан. Харин бид 2019-2023 онд шинээр 905 км төмөр замыг барьж, улсын хэмжээнд төмөр замын сүлжээ нийт 2,258 км болж өргөжөөд байна. Цаашдаа “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан 1,2,3-р үе шатны төмөр замыг барьж байгуулснаар Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээний нийт урт 4,680 км болж 4 дахин өргөжихөөр байна. Үүнд тусгагдсан бүс нутгийг холбосон шинэ коридоруудыг барьж байгуулах нөхцөл өдгөө бүрдээд байгаа бөгөөд Евроазийн худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлэх, аюулгүй, тасралтгүй, богино хугацааны төмөр замын тээврийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд шинэ эдийн засгийн коридорт суурилсан томоохон суурьшлын бүсүүд бий болгох том зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр улсын холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.
Хурлын үеэр Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн танилцуулга хийгдсэн бөгөөд “Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн 434.2 км төмөр замын хамтран хэрэгжүүлэгч компаниар шалгарсан “Ийст Корридор Рэйлрөүд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт төслийн ерөнхий төлөвлөлт, явцыг танилцуулан “Тус төмөр замын нийт трасс дагуу 30 км-ын алслалд 2.2 орчим тэрбум тн, харин 100 км-ын алслалд 6 тэрбум тн орчим эрдэс баялгийн нөөц судлагдаж тогтоогдсон. Үүнийг БНХАУ-ын хүйтэн цаг уурын нөхцөлтэй зүүн хойд нутгийн гурван мужийн нүүрсний эрэлт хэрэгцээтэй уялдуулж, эхний үе шатад хоёр улсын хилийн шугамаас Бичигт өртөө хүртэлх 17 км төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид төслийн 2,3 дугаар үе шат амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ, ОХУ болон гуравдагч орон руу тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой ба энэ нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төв коридороос 500 км дөт тул ачаа тээврийн өртгийг бууруулах өндөр ач холбогдолтой юм” гэв.
Мөн энэ үеэр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Боомтын захиргаа, Ляонин мужийн Ардын Засгийн газар, Жинжөү боомт ХХК-ийн төлөөллүүд үг хэлж, коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулахад шаардагдах оролцоо, дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...