Сэрэмжлүүлэг: Монгол Улсад 13-15 насныханы 14 хувь буюу хөвгүүдийн -21, охидын -6.9 хувь нь тамхи татдаг

Манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2,500 гаруй хүн амиа алддаг. Тамхидалтаас шалтгаалан дэлхийд жилд НАЙМАН сая орчим хүн амиа алддаг гэсэн статистик байдаг. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 1/4, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтын шалтгаант нас баралт байдаг гэсэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тооцоолол байдаг. Үүний дагуу тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алддаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4.300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72 хувь нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан. Энэ бол асар өндөр тоо. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд асар өндөр, асар эмгэнэлтэй тоо.

Нэгэн зүйл, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн албан ёсны судалгаанд Монгол Улсын 15-69 насны хүн амын 24.2 хувь тамхи татдаг гэж дурдсанаас гадна 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 насны сурагчдын дундах тамхины хэрэглээний тархалтыг судалсан судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь буюу хөвгүүдийн -21, охидын-6.9 хувь нь тамхи татдаг гэж гарсан байна. Мөн энэ судалгаагаар электрон тамхины хэрэглээг судлахад 13-15 насныхны 3.5 хувь нь электрон тамхи татдаг. Үүний 5.8 хувь нь хөвгүүд, 1 хувь нь охид байна. Харин эмэгтэйчүүдийн дундах тамхидалт 2019 оны СТЭП судалгаагаар 5 хувьтай гарсан нь 2013 оныхоос ердөө 0.3 хувиар буурсан бөгөөд хүйсээр нь харьцуулж үзвэл эрчүүд 8.7 дахин өндөр хувийг эзэлдэг байна. Энэ бол судалгаанд дурдагдсан тоо баримт юм. 

Нэгэн зүйл, тамхины никотин судасны хананы бөглөрөл үүсгэдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ ч утгаараа сүүлийн үед тамхидалтаас үүдэлтэй судасны бөглөрлийн улмаас хөлөө тайруулах нь ихэссэн гэдэг мэдээлэл бий. Тамхинд агуулагддаг никотины бохь судасны ханыг бөглөдөг байна. Уушгины гуурс, гуурсанцруудыг тамхины бохь бөглөдөгөөс хүний амьсгалах чадварыг бууруулдагаас тамхи татдаг хүмүүс бөгшүүлж ханиалгадаг бөгөөд эцэст нь харвалт, зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөлөөр нас бардаг байна. 

Нэгэн зүйл, янжуур тамхи хортой гээд цахилгаан тамхи татах, цахилгаан тамхи хортой гээд янжуур тамхи татах нь энэ төрлийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн зорилготой маркетингд хууртсан хувь хүний үйлдэл мөнөөс мөн. Сүүлийн үед цахилгаан тамхитай холбоотой нэлээд судалгаанууд хийгджээ. Цахилгаан тамхи буюу шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг анх 2003 онд үйлдвэрлэжээ. Харин цахилгаан тамхийг хортой юм байна гээд буцаад уламжлалт янжуур тамхи татах ойлголтыг өдөөсөн мэдээллүүд бол тамхи үйлдвэрлэгч, худалдаачид зах зээлээ алдахгүй гээд тэмцэлдээнээс үүдсэн гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй санагдана. Монгол Улсад 2021 онд янжуур тамхи гурван тэрбум гаруй ширхэгийг, цахилгаан тамхи 1.2 саяыг оруулж ирсэн байдаг нь хуулийн зохицуулалтгүйтэй шууд холбоотой юм.

Дэлхийн маш олон оронд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүдийг хуулиар зохицуулдаг. Монгол хуулийн зохицуулалт хийж амжаагүй байгаа цөөхөн улсын нэг хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байна. 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулах гэж оролдсон ч амжилт олоогүй учраас өнөө хэр ямар ч үр дүнгүй ярьсаар байгаагийн ард тамхины зах зээл асар хурдан өргөжсөн байдаг. Үр дүнд нь тамхинд донтогчдын нас залуужиж, тамхичдын хүрээ асар хурдан өргөжиж байна. 

Нэгэн зүйл, Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд тамхинаас гарахыг зөвлөдөг байх шаардлагатай. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулан сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ, мэдээлэл өгөх үндэсний заавар боловсруулсан. Энэ зааврыг эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна. Тамхи татах нь нэг төрлийн донтох эмгэг юм. Донтолтоос гаргах тусламж үйлчилгээг сайн хүргэх ёстой. 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Энэ судалгаа нь хүүхдүүд тамхийг дөнгөж сонирхож татаад эхлэхэд нь маш хурдан гаргах ёстой гэдгийг харуулж байна. Тамхинаас гарахад никотин орлуулах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг цогц аргууд байдаг. Эдгээрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Нэгэн зүйл, манай улсад янжуур тамхины татвар хэт бага, үнэ хамгийн хямд улс орнуудын нэг. Иймд ДЭМБ улс орнуудад тамхины татварыг тамхины жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэхийг зөвлөдөг. Гол зорилго нь тамхины хэрэглээг бууруулж, ялангуяа хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос урьдчилан сэргийлэх гэдгийг хамаарал бүхий бүх л эх сурвалж онцолдог. Харин тамхины бизнес эрхэлэгчдийн хувьд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх бүү хэл яригдах бичигдэх вий гэхээс сүнсээ гартал айдаг. Энэ утгаараа янжуур тамхи ч тэр электрон тамхи ч тэр нэг эзэнтэй хоёр бүтээгдэхүүн гэдгээ харин ч маш сайн нууж чаддаг биз. 

Нэгэн зүйл, янжуур тамхинд 7000 төрлийн хорт бодис агуулагддаг гэдгийг нийтээрээ мэддэг хэрнээ яг ямар хорт бодис агуулагддаг гэдгийг нарийн сайн мэддэггүй. Янжуур тамхинд үндсэн хордуулагч болон донтуулагч бодисууд агуулагддаг. Донтуулагч бодист никотин зүй ёсоор орно. Асар их хортой бодисууд дотор хорт хавдар үүсгэгч ацетальдегид, формальдегид, бензоапирин, нитрозамин зэрэг 70 гаруй бодис, аммони, жоом, шавжны хоронд хэрэглэгддэг химийн хортой нэгдлүүд агуулагддаг. Сүүлийн үеийн цахилгаан тамхинд ч утаат тамхинд агуулагддаг хорт хавдар үүсгэгч таван химийн хорт нэгдлүүд агуулагдаж байгаа нь тогтоогдсон байдаг. Манай улсад 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн тамхидалтын тархалтын судалгаанд гэрийн нөхцөлд дам тамхидалтад судалгаанд оролцсон хүүхдүүдийн 42.9 хувь нь өртдөг. Олон нийтийн газар дам тамхидалтад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 52.3 хувь нь өртдөг гэж гарсан байгаа. Хоёр хүүхэд тутмын нэг нь дам тамхидалтад өртдөг байх нь.

 Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

+ There are no comments

Add yours