УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Агь”, “Милко”, “Тэсо” компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Хөгжлийн банкны сонсголд хоёр дахь удаа оролцож байна.

Ажлын хэсгийн даргаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан О.Цогтгэрэл, зөвлөх асан Батмөнх, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга асан Нямаар нар ажиллажээ. Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авчээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Агь”, “Милко”, “Тэсо” компани тус бүр их хэмжээний зээл авчээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажлын хэсгийн гишүүд зээлийн шийдвэр гаргалтад биечлэн оролцсон атлаа өөрсдөө зээл авахыг журамд зөвшөөрсөн эсэхийг лавласан юм. Мөн ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан талаар асуув.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Засгийн газар экспорт нэмэх, импортыг бууруулах зорилгоор 888 төсөлд зээл олгох шийдвэр гаргасан нь маш зөв бодлого. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож, банкууд эрсдэл үүрсэн тул эдгээр зээлийн эргэн төлөл сайн. Харин бодлого зөв хэрэгжсэн, эсэх нь өөр асуудал. Арван жилийн өмнөх үйл явдлыг одоо ярьж байна. Би ямар асуудлаар дуудагдсанаа мэдээгүй тул бичиг баримтгүй ирсэн. Ажлын хэсэг хуралдаад, арилжааны банкууд руу зээл хүссэн компанийн нэрсийг илгээсэн. Гэхдээ банкууд барьцаа хөрөнгө, эргэн төлөлт гэх мэтийг өөрсдөө судлан шийдвэрээ гаргасан. Надтай шууд болн шууд бусаар хамааралтай компаниуд зээл авсан. Зээлийн гэрээнд тухайн компани банктай шууд гэрээ хийсэн, Хөгжлийн банк гуравдагч талаар оролцоогүй тул компаниуд Хөгжлийн банктай холбогдоогүй.

Би Ерөнхий сайдын зөвлөх байсан ч энэ зээлд нөлөөлөөгүй. 2013 онд авсан зээлийг 2016 онд төлж дуусгасан. Зээл авсан компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргасан уу, ямар үр дүнд хүрэв гэдэг нь чухал. Хуурай сүүний үйлдвэр жилд 1000 тонн хуурай сүү үйлдвэрлэдэг болсон. Манай улс хуурай сүүнийхээ дийлэнхийг импортолдог гэв.

Хөгжлийн банк арилжааны банкуудад 5 хувийн хүүтэй зээл өгч, банкууд 9 хувийн хүүтэй зээлийг 2000 орчим ААН-д олгожээ. Харин тухайн онд буюу 2014 онд банкуудын зээлийн дундаж хүү жилийн 18-19 хувь байжээ. Иймд Хөгжлийн банкны зээл банкууд болон ААН-үүдэд ашигтай байсан юм. Капитал банкнаас бусад банкууд энэ зээлийг төлж дуусгажээ. Гэхдээ 888 төсөл хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн талаарх дүгнэлтийг хийх хангалттай баримт байхгүй гэдгийг шинжээч онцлов.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 888 төсөл бодлогын хувьд ч алдаатай байсан, бодлого нь зөв, хэрэгжилтэд алдаа гарсан гэдэгтэй санал нийлэхгүй гэв.

+ There are no comments

Add yours