Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ ирэх онд 8 хувь нэмэгдэнэ

Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчилж, цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх таван багц асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвт тусгасан.

  • Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ нь нийт 153 ялгаатай цалинтай байна. Үүнийг ирэх онд өөрчлөн төрийн захиргааны албан тушаалын 15 зэрэглэлийг 10, тусгай албаны 18 зэрэглэлийг 13 болгон нягтаршууллаа. Мөн үндсэн цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоон нэг шатлалтай болгов. Ингэснээр төрийн захиргааны 14 мянга орчим, төрийн тусгай албаны 40.7 мянга орчим албан хаагчийн цалин 12-15 хувь нэмэгдэнэ. Уг арга хэмжээнд улсын төсвөөс 141.3 тэрбум төгрөг зарцуулна.
     
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр Засгийн газар 2022 онд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарын төрийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Үр дүнд нь 1-4 дүгээр шатлалын цалинтай 106.7 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин дунджаар 9 хувиар нэмэгдсэн.
     
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 550,000 төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 8 хувиар нэмэгдэж байна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан жил бүрд нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгосноор цалин хөлс нь 2-5 хувиар нэмэгдэх боломжтой болно.
     
  • Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр 160 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэж, төрийн албанд чадварлаг албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ. Уг арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулна.
     
  • Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор боллоо. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байдлаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэнэ. Түүнээс гадна захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ арга хэмжээнд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулна.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

+ There are no comments

Add yours