Сөүл хотод “Монгол-Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Дондэмүн дизайн плазад энэ сарын 24-ний өдөр “Монгол-Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулжээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан эх орноо гадаадад сурталчлах цуврал үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Байгалийн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монголын байгаль, ховордсон ан амьтан, хотжилт зэргийг тольдон харуулсан шилдэг бүтээлүүдээрээ дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан аж.

зураг

Элчин сайд Э.Сарантогос “Монгол иргэд хамгийн ихээр оршин сууж, ажиллаж амьдарч буй БНСУ-аас уг үзэсгэлэн гараагаа эхэлж буй нь Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Хоёр улсын харилцааны чухал онцлог бөгөөд баялаг нь ард иргэд хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, ойр дотно нөхөрлөл тул үүнийг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө түүх соёлоо сурталчилж, харилцан ойлголцол, итгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэх шаардлагатай. Энэ нь манай хоёр улсын Стратегийн түншлэлийн бат бэх үндэс суурь юм” гэв.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сараас солонгос иргэд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гаргасан нь олон мянган солонгос иргэд Монгол Улсад аялах боломжийг бүрдүүлж чадсан.

Цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын Засгийн газар хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд орчин цагийн технологийн хөгжил, гэрэл зураг, фото болон дижитал урлагаар дамжуулан Монгол Улсад ирж үзээгүй олон хүнд Монгол Улсыг харуулахаар зорьж буй цуврал үзэсгэлэнгийн эхний дугаар амжилттай болж өндөрлөлөө хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours