С.Шаарийбуу: Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн. Жирийн амьдрал дунд хүнийг ингэж хөнөөсөн түүх байдаггүй

Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгчийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид 1990 онд сэтгэлийн хөөрлөөр гэх үү, огт танихгүй нийгэмд ямар ч судалгаагүй, туршлагагүй, эрсдэлийг үл тооцож, тэр үед бидний нэрлэдэг байсан капиталист орнуудын хаалгаар өөрсдөө гүйж орсон. Бид тэнд өлсөж, ядарч үзсэн. Бид бүгдээрээ амьдрахын төлөө зүтгэсэн он жилүүд байсан.

Тэдний нэг нь миний охин байсан. Миний гэнэхэн охин яг л тэр үеийн залуусын адил амьдрах гэж зүтгэсэн. Би охиноо их санадаг. Санахгүй байхын аргагүй. Өнөөдөр энэ хэвлэлийн хуралд түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье.

Охиноо эрсдсэнээс хойш эцэг би Азийн бар гэгдэх Малайзын улсуудтай нүүр тулсан. Ардчилсан, хүмүүнлэг, шударга улс гэж анхандаа итгэж очсон. Бодит байдал дээр бохир асуудалтай тулгарсан.

Юуны түрүүнд энэ хэрэг яагаад ингэж олон жил болов гэсэн асуулт бий. Энэ хэрэг бараг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жил хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа, боломж хомс явлаа. Аймшигт аллагыг үйлдсэн офицерүүд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага керминал хийж, бэлэн болгосон ч тэд “Бид Багиндад туслахаар мөнгөөр тохирч хийсэн” гэх утгатай мэдүүлэг өгдөг байсан. 12 жил ийм өнцгөөс яригддаг байлаа. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэж, тэд Малайзын төрийн, бүхнийг мэддэг хүний тушаалаар үүргээ биелүүлсэн гэж мэдүүлдэг болсон. Гэвч энэ мэдүүлгээр хэргийг шийдэж болдоггүй.

Нэг талд эрх мэдэлтэй, мөнгөтэй Малайзын Шадар сайд байсан Разак Нажиб, улс төрийн зөвлөх Разак Багинда хүмүүс зогсдог. Хэргийг эртнээс төлөвлөж, зохион байгуулалттай, зорилготой хийсэн. Тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд үйлчилдэг гадаад дотоодын мэргэшсэн хуулийн том фирмүүд бүхэл бүтэн институт зогссон. Нөгөө талд хохирогч би ганцаараа зүтгэсэн.

Олон хуульчид надад санал тавьж байлаа. Тэгэхэд алдарт хуульч Карпал надад “том улс төр орсон амаргүй асуудал, магадгүй 100 жилийн дараа шийдэгдэнэ, чи тэвчээртэй байгаарай” гэж хэлсэн. Ингээд бид хоёр эхэлсэн. Карпал гуай ч надаас нэг ч төгрөг нэхээгүй.

Харин тэр үед Монголд Англи Саксоний хуулийг мэддэг, хэлтэй хүн маш ховор, бараг байгаагүй. Би эрж хайсаар, хав хар үстэй залуутай /хуульч Б.Баяр/ 17 жилийн өмнө уулзаж байлаа. Яг Карпал гуай шиг ийм сайхан сэтгэлээр надад хандсан, өнөөдрийг хүртэл явсан. Надаас нэг ч төгрөг нэхээгүй.

Энэ үед Монголын тал туршлагагүй, хүлээж тэвчихээс өөр арга байгаагүй. Гэхдээ анхнаас нь эхлээд ноот бичиг, захидал явуулсан. Илүү үйлдэл хийх боломж байгаагүй. Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хэн ч оролцох боломжгүй гэсэн НҮБ-ын конвенци байдаг.

Хэрэг яагаад илрэх боломжтой болсон вэ гэх дараагийн асуулт:

Манайх ЗХУ-д олон жил амьдарсан, миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан. Англи хэлийг багаасаа үзсэн. Хятадад дөрвөн жил сурч, хятад хэл сурсан. Хоёр хүүтэй, бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Ухаан санаа нь зүгээр, гар хөл нь ажилладаггүй. Монгол, гадаадад олон удаа эмчлүүлж, хөдөлж чаддаггүй байсан хүүхэд хана түшээд явдаг болсон. Хүүгээ гүйдэг харайдаг болгохын төлөө зорьж явсан.

Би түүнд тусалж чадаагүй, жирийн багш надад боломж байгаагүй. Ингэж явж байгаад Малайзад баривчлагдсан. Баригдахынхаа урд өдөр тэндэхийн цагдаагийн газар өөрөө очиж, мэдүүлэг өгсөн байдаг. “Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна, хэрвээ ямар нэг асуудал гарвал Разак Багинда гэдэг хүнтэй холбоотой” гэж өөрөө бичиж өгсөн байдаг. Буцаад гарах зам байдаггүй, энэ замаар маш олон монголчууд хэлмэгдсэн.

Монгол хүн сонин хувь тавилантай юм билээ. Тухайн үед онц ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаах газрын дарга нь хятад хүн байж таарсан. Мөрдөн байцаагч нь бас хятад залуу байсан. Бид шашин нэг, биднийг бараг ялгахгүй шахам. Тэр үед Малайзын ард түмэн нэг л нам, нэг л ах дүү, төрөл садны эрхшээлд байж, бузар булайг нь илчлэх юмсан гэдэг байж. Багинда гэж хэлэнгүүт тэр хуулийн хүмүүс тог цохисон мэт мэдэрсэн. Тэгээд хэнд ч хэлэхгүйгээр хуульч хүний хувиар шийдэхээр өөрийн багаа байгуулсан. Тэгээд хоёр офицерийг баривчилсан. Офицер одоо мэдүүлэхдээ “Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаж, Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй. Багинда бүх зааварчилгааг өгнө” гэсэн үүрэг өгсөн гэдэг. Ингээд энэ аймшигт хэргийг үйлдсэн байдаг. Тэгээд тэр оройноо “Багинда та тайван унтаж болно” гэсэн мессеж бичиж, үүнийхээ төлөө 300 сая рингит авсан байдаг.

Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн. Жирийн амьдрал дунд хүнийг ингэж хөнөөсөн түүх байдаггүй. Гэр бүл, үлдсэн үр хүүхэд, ядарсан намайг тэр аллагатай дүйцэх хэмжээнд балбасан. Давхар намайг сөхөртөл хохироосон. Энэ бол хэлмэгдүүлэлт. Амьдрал, эдийн засаг, сэтгэлзүйн хувьд босох чадалгүй болгосон. Би азгүй, хувь тавилангүй хүн байж. Энэ өдрийг хүртэл амьд байх ёстой гэж салганаж явсаар өнөөдрийг хүрлээ. Ээж нь өнгөрсөн. Хоёр хүүгийн нэг нь өвдсөөр, хорвоогийн мөнх бусыг үзсэн. Миний өмнөөс хэн ч уйлж, дуулж өгөхгүй.

Би Монголын төрд, Малайзад, Францад, Австралид, хүний эрхийн байгууллагад, НҮБ-д 300 гаруй өргөдөл бичсэн. Монголын бүх хуульзүйн сайд, Гадаад харилцааны сайдтай, хүний эрхийн байгууллагатай залхтал нь уулзсан.

Энэ 17 жилд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал үлдлээ дээ. Би мөнгө төгрөг нэхээгүй. “Уучлаарай” гэдэг үгийг хэлүүлэх гэж бид хоёр 17 жил явлаа. Монголын ард түмэн хүлээсэн, дэлхийн шударга хүмүүс тийшээ анхаарлаа хандуулсан. Малайзын шүүх нарийн явсан, хүч хөдөлмөрөө зарсан.

Олон монголчууд Малайзад хохирсон, надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй учраас би тэдний өмнөөс давхар хариуцлага хүлээсэн. Ямар ч байсан эцэст нь хүртэл явна. Аллагыг үйлдсэн офицеруудыг барьсан, шүүсэн, цаазын ял оноосон. Тэдний нэг нь Австралид, нөгөө нь нутагтаа байгаа. Хамгийн гол нь энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Бараг боломжгүй зүйлийн төлөө олон жил явсан. Гурван хоногийн өмнө анх удаа Багинда гэдэг хүн захиалагч нь мөн гэдгийг тогтоолоо. Багиндаг шийтгэхгүй.Чадахгүй гэж бодож байсан шүүх чаддаг юм байна. Үүнийг шударга үнэн, шударга хууль гэдэг юм байна.

Шүүхийн шийдвэр гарч, нөхөн олговор олгох тухай хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь иймхэн юмаар үнэлэгддэг юм биш. Малайзын түүх хэзээ нэг өдөр ийм шийдвэрт хүрнэ гэдэгт би итгэлтэй байсан. Асуудал ингэж дуусахгүй, тэднийх давж заалдана. Эрх нь байгаа.

Би цаашдаа монгол хүний эрхийн төлөө, шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч байна. Шударга бусын төлөө бүгдээрээ дуугардаг, хүчээ нэгтгэдэг, хүнээ зөв сонгодог, шийдвэрээ гаргаж чаддаг, үр дүнд хүргэдэг ард түмэн байцгаая” хэмээн ярилаа.

+ There are no comments

Add yours