Завхан аймгийн Улиастай хот, Алдархаан сум сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй боллоо

Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг цэвэр эрчим хүчээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2019оноос Япон Улсын Хамтарсан зээлийн механизмын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон менежментийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү ажлын хүрээнд Завхан аймгийн Улиастай хот болон Алдархаан суманд “Улиастай 5 МВт нарны цахилгаан станц, цэнэг хураагуурын систем” төслийг бүрэн дуусгалаа. Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц болон Улиастай хотод 3.6 МВт.ц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад орууллаа. Улиастай хотод суурилуулсан цэнэг хураагуурын систем нь Монгол Улсын Эрчим хүчний системд анх удаа ашиглагдах дэвшилтэт технологи бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед тохируулга хийж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.Түүнчлэн шинэ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулсантай холбогдуулан “Улиастай” 110/35/10кВ-ын дэд станц болон “Алдархаан” 35/10 кВ-ын дэд станцуудын өргөтгөлийн ажлыг тус тус гүйцэтгэж, нарны цахилгаан станцаас Алдархаан дэд станц хүртэл 7,6 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулан нарны цахилгаан станц болон цэнэг хураагуурыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-д амжилттай холболоо.

Бүтээн байгуулалтын үр дүнд жилд дунджаар 10,2 сая кВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Цаашдаа  25 жилийн турш бүс нутгийн 8,329 өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах төдийгүй 223,813 тонн нүүрс хүчлийн хий (CO2)-г ялгаруулалтаас сэргийлж чадна гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 7,6 сая ам.доллар. Үүнээс 5 сая ам.доллар буюу 66 орчим хувийн хөрөнгийг Япон улсын ард түмнээс буцалтгүй тусламж болгон “Хамтарсан зээлийн механизмынЯпон сан”-гаас олгосон.

 Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын JGC Corporation, NGK Insulators болон Монгол Улсын М-Си-Эс Интернэйшнл ХХК хамтран ажиллаж “Covid-19” цар тахал болон хил гаалийн хорио цээрийн хүнд түвэгтэй нөхцөлд төслийг гүйцэтгэсэн.

+ There are no comments

Add yours