“Сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ”

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Цас их орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн” гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр “Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ. Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours