Итэвон дуудлагын түүх: “Хүмүүс даалуу шиг л нэг, нэгэн дээрээ нурж унаж байна. Аюул болох нь, хурдан ирээрэй”

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын шөнийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж гэгддэг Итэвон хэзээнээсээ л жуулчид, залуусын хөл бужигнадаг газар байсан бол 10-р сарын 29–ний бямба гарагаас 156 хүний амийг авч одсон аймшигт гамшиг тохиолдсон бүс болов.  

Бямба гарагийн орой 100 гаруй мянган залуус Халловины баяр тэмдэглэхээр Итэвоны гудамжинд цугларч, хэт их бөөгнөрөл үүссэний улмаас 156 хүн амиа алдаж, 176 хүн хүнд бэртсэн. 130 Солонгос хүн, 14 улсын 26 гадаад иргэн амиа алдсаны дотор 101 нь эмэгтэй, 55 нь эрэгтэй байжээ. Цэл залуухан 156 хохирогчдын дунд ээж, хүү хоёр хүртэл хамт амиа алдсан бөгөөд энэхүү эмгэнэлтэй ослын улмаас Өмнөд Солонгос улс даяараа 11-р сарын 5 хүртэл үндэсний гашуудал зарлаж, хохирогчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Ослын газар юу болсон бэ?

Итэвоны төв гудамж ердөө дөрвөн метр өргөн, 40 метр урттай нарийн, уруу гудамж байдаг бөгөөд тийм нарийн гудамжинд 100 мянган хүн цугласан нь нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болсон байна. 

Хамгийн олон хүн амиа алдсан Итэвоны төв, нарийн гудамж

1 метр квадрат талбайд 2-4 хүн цуглах нь хэвийн буюу хүмүүс өөрсдийнхөөрөө хөдөлж, шийдвэр гаргах хангалттай зайтай гэж үздэг бол 1 метр квадрат талбайд 6-10 хүн байвал хүмүүс хоорондоо наалдаж, шахагдаж, нэгэндээ түрэгдсэнээр бие дааж хөдөлгөөн хийх боломжгүй, бүх хяналтаа алдаж маш аюултай нөхцөл байдал үүсдэг байна. 

Итэвон угаасаа л олон хүн бужигнадаг газар учраас цугласан залуус эхэндээ юу буруу болоод байгааг ойлгоогүй бөгөөд нэг мэдэхэд л битүү хүн дотор амьсгалах, хөдлөх аргагүй болтлоо шахагдсан, амь авраач гэж хүмүүс хаа сайгүй орилж, ямар ч зайгүй түгжигдсэн байсан тухай гэрч ярьжээ. Ослын газраас амьд гарсан өөр нэг гэрч мөн урд байсан хүн унаж, намайг бас түлхэж унагасан, миний ард байсан хүмүүс яг л даалуу шиг ар араасаа нурж, дээр дээрээсээ унаснаар бид амьсгалж чадахаа больсон гэж өгүүлжээ. 

Нарийн гудамд цугларсан их хэмжээний хүнийг удирдах, зохицуулалт хийхэд хожимдсон буюу 22 цаг 15 минутад анхны түргэн тусламж, цагдаагийнхан хэргийн газар иржээ. 

Гэвч ийм аймшигт осол болохоос сэргийлэх боломж байсан уу? 

Харамсалтай нь энэ олон хүн амиа алдахаас сэргийлэх боломж байсан тухай гадаадын хэвлэлүүдээр мэдээлсэн бөгөөд Өмнөд Солонгосын Цагдаагийн газар ч үр дүнтэй ажиллаж чадсангүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

Эрх баригчид осол болсон цагийг 10 цаг 15 минут гэж тооцоолсон юм. Гэтэл осол болохоос 4 орчим цагийн өмнө буюу 18 цаг 30 минутаас эхлэн цагдаагийн газрын 112 утсанд ирсэн 11 дуудлагын түүхийг ил болгожээ. 

  1. 2022 оны 10-р сарын 29. 18 цаг 34 минут.

“Итэвоны гудамжаар өгсөж, уруудахад нэг л түгшүүртэй байна. Хүмүүс уруудаж болохгүй байхад түлхээд байхаар нэгнийгээ дарж үхэж ч магадгүй юм шиг байна. Би арай гэж гарч ирсэн ч дэндүү олон хүн байгаа болохоор зохицуулалт хийж өгөх хэрэгтэй юм шиг байна. Бүр шар үс босчихлоо. Аймар нарийхан гудамжинд гарах гэж байгаа, орох гэж байгаа, метроноос буусан зорчигчид гээд бүгд холилдоод бөөн хүмүүс байна. Энд зохицуулж байгаа юм алга. Цагдаа нар ирээд зохицуулж, гарах хүмүүсийг нь гаргаж дуусаад дараагийн хүмүүсийг оруулж ирэхгүй бол бүр гарч ч болохгүй битүү хүн шавсан байна” гэх  Итэвонтой холбоотой хамгийн эхний дуудлагыг цагдаагийн газрын 112 утсанд осол болохоос дөрвөн цагийн өмнө өгсөн байна. 

  1.  20:09 цаг

“Итэвонд аймар их цугласан байна. Тэгээд нэгэндээ түгжигдээд зөрж, хөдөлж болохгүй түлхээд, зарим нь унаж бэртээд бөөн юм болоод байна. Энд хяналт тавьж, ямар нэг юм хийхгүй бол болохгүй юм шиг байна аа” гэж осол болохоос хоёр цагийн өмнө цагдаагийн газрын 112 утсанд дуудлага иржээ. 

  1. 20:33 цаг

“Итэвоны хаа сайгүй аймар их хүн байна. Хүмүүс зүгээр гудамд унаад бүр ухаан алдаад байна. Осол болж ч мэдэхээр үнэхээр ноцтой, аюултай байна. Үнэхээр ноцтой шүү. Нэгэн дээрээ нурж унаж байна. Би бичлэг хийсэн, яаж явуулах уу?” гэж мөн л хүмүүс хэт их бөөгнөрснөөс аюул, осол болж болохуйц ноцтой байгааг цагдаад мэдэгдсэн аж.

  1. 20:53 цаг

“Итэвоны … лаунжийн хажууд байна аа. Нэгнийгээ дарж алж мэдэхээр аюултай байна. Үнэхээр ерийн биш замбараагүй олон хүн байна. Энд үнэхээр ноцтой байна” гэж дуудлага өгчээ. 

  1. 21:00 цаг

“Цагдаа нар бушуухан ирэхгүй бол хүний амь эрсдэхэд ойрхон байна. Энд маш их хүн байна” 

  1. 21:02 цаг

“Энд хүмүүс үнэхээр аймаар олон байна. Аюултай том осол гарахад ойрхон байна. Та бүхэн яг одоо яаралтай ирж, зохицуулахгүй бол аюул болох нь. Зөндөө их хүн. Бөөгнөрсөн их хүн нэгэндээ түлхэгдээд, бүгд сандралдаад ёстой аюултай юм болох гээд байна. Би арай гэж аврагдаад ярьж байна. Хүн үхэж ч мэдэхээр байна” 

  1. 21:07 цаг

“Итэвонд маш олон хүн байна. Хүмүүс дарагдаж үхэх аюултай байна. Та энд ирээд хүмүүсийг нэг эгнээнд оруулж, хүний урсгалыг зохицуулж өгөхийг гуйж байна

  1. 21:10 цаг

“Итэвон Халловины нөхцөл байдал үнэхээр ноцтой болоод байна. Хүмүүс дарагдаж үхэхэд ойрхон байна. Ганц миний хаяг биш гудамж бүхлээрээ битүү хүн бөөгнөрөөд нэгнээ дарж алах нь байна. Үнэхээр аюултай байна. 

  1. 21:51 цаг. 

“Итэвонд маш их хүн байна. Энэ олон хүнийг яаралтай зохицуулахгүй бол… хамгийн хурднаараа хүрээд ирээч гуйж байна. Нөхцөл байдал үнэхээр аюултай байна. Хурдан, хурдан хүрээд ирээч, гуйя.”

  1. 22:00 цаг 

“Яаралтай зохицуулахгүй бол Итэвоны төв гудамжаар уруудаж байгаа хүмүүс дарагдаж үхэж магадгүй байна. Хурдан зохицуулалт хийж өгөөч.”

  1. 22:11 цаг

“Итэвоны арын замын нарийн гудамж. Хүн болгон айж, сандраад энд яг хүн дарагдаж үхэх бололтой. Аймар юм болж байна” гэсэн дуудлагын дараа л цагдаа нар хэргийн газар ирсэн юм.

Солонгосын иргэд хүн хэт олноороо бөөгнөрч, осол гарах, дарагдаж үхэх эрсдэлтэй нөхцөл байдлыг цагдаагийн газрын шуурхай утсанд дөрвөн цагийн өмнөөс мэдэгдсээр байтал иргэдийн дуудлагыг үл тоож, идэвхтэй арга хэмжээ авалгүй 156 хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдалд Ерөнхийлөгч, ЦЕГ-ын дарга, бусад эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээж, огцрохыг шаардаж байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Юн Хый Гын

Өмнөд Солонгосын Цагдаагийн ерөнхий газрын дарга Юн Хый Гын, “Цагдаагийн газарт нөхцөл байдал ноцтой байгааг илтгэсэн хэд, хэдэн дуудлага ирснийг илрүүлсэн. Иргэд хэт олон хүн цугласнаас үүдэн осол гарч болзошгүйг мэдэгдсээр байхад цагдаа нарын 112-ын дуудлагад үзүүлсэн хариу үйлдэл, хэргийн газарт ажилласан байдал хангалтгүй байлаа гэж үзэж байна” хэмээн уучлалт хүсжээ.

+ There are no comments

Add yours