“Цэргийн албанд ажилладаггүй энгийн хүмүүс цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдгийг цэгцлэх хэрэгтэй”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Цэргийн сургууль төгсөөгүй, цэргийн албанд ажиллахгүй байгаа энгийн хүмүүс цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэх явдал зөндөө байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Сумын ЗДТГ-ын даргаас эхлээд дэслэгч цол гээд дээшээ явдаг. Цол, дүрэмт хувцсыг дүрмийн дагуу хэрэглэдэггүй. Олон нийтийн дунд зэвсэгт хүчний хувцас, хилийн цэргийн өмд өмссөн ахмад, хошууч, хурандаа цол зүүчихсэн хүмүүс явж байна. Цэгцлэхгүй бол болохгүй зүйл.

Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой эцэг, эхчүүдийн санаа зовоосон асуудал бий. Цэргийн анги байгууллагын доторх дунд шатны дарга нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой зүйл байгаа. Цэргийн анги байгууллагууд хугацаат цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад их ажиллуулж байна. Үүнээс болоод эрүүл мэндэд нь аюул учирч байгаа учраас анхаарч ажиллах хэрэгтэй. 

Эцэг, эхчүүд хүүхдээ цэрэгт явуулах нь зөв үү үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Тиймээс цэрэгт татагдсан хүүхэд нь хэрхэн сурч хүмүүжиж буй талаар тухайн цэргийн ангид эцэг, эхчүүдтэй харилцдаг утас, албан тушаалтан байлгах шаардлагатай. Хугацаат цэргийн алба хаагчдад тогооч, барилгын зэрэг мэргэжлийн сургалт орж, сертификат олгодог болмоор байна. Төгсөөд шууд уул уурхайн компанид ч юм уу ажилд ордог бол зүгээр. Цэргийн анги байгууллагаа тохижуулах, ажиллаж, амьдрах орчныг нь сайжруулахад анхаарахыг хүсье” гэв. 

+ There are no comments

Add yours