Тендер нэрээр төсвөөс шимэгч паразитуудад ЦЭГ тавих төслийг дэмжье

Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүнээс 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно хэмээн 2023 оны төсөвт тусгагдаж. Эндээс харахад, ажил хийгээд л байдаг амьдралд нэмэр бага цалингаас төлдөг татвар, татвар нь нэмэгдсэн ч төрөөс авах үйлчилгээний чанар хүртээмж өөрчлөгддөггүй хүндхэн амьдралд хөнгөн гэгээ болж залруулах боломжийг 2023 оны төсөвт тусгасан нь сайн цагийн илрэл гэлтэй. 2023 оны төсөв батлагдвал 204.4 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж тусгагдаж, ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцсоны 15 их наяд орчим нь урсгал зардал. Үүний 15 хувь нь төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувь нь бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал бөгөөд ирэх жилийн Улсын төсвийн тэнцлийн алдагдал өмнө жилийн алдагдал 2.5 их наяд байсан ирэх жил 1.7 их наяд болж буурах гэнэ.

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд тендер нэрээр төсвийн мөнгийг идэх боломжгүй болж. Учир нь 2023 оны төсвийн төсөлд гишүүдийн тойрогтоо зарцуулах төсвөөс 2-4 тэрбумыг хасаж, ирэх онд шинээр төсөл болон тендер сонгон шалгаруулалт, худалдан авах гэрээ явуулахгүй. Өмнөх жилүүдэд эхлүүлээд дутуу байгаа хуучин төслүүдийг дуусгана. Ингэснээр бүтээн байгуулалтын 86 хувь нь ашиглалтад орно гэсэн тооцоолол гаргаж. Сангийн сайд Б.Жавхланг санхүүч, банкир хүн гэдгийг мэднэ, монголчууд. Сүүлийн үед шаггүй улс төрч гэдгийг ч харах болсон. Гэхдээ улс төрийн ороо бусгаа энэ үед хэнд ч тал засахгүй, төрт улсынхаа ирээдүйг харсан ийм төсөв батлуулахаар төсөл гарган УИХ-ын даргад өргөн барьж, нийт монголчуудын дунд хэлэлцүүлэхээр гаргаж ирэв, болж байгаа хэрэг биш гэж үү. Б.Жавхлангаас өөр ямар ч Сангийн сайд УИХ-ын гишүүд хэмээн эрхтэн дархтангуудын “идэш ууш”-ийг хасах төсвийн төсөл гаргаж байсан түүхгүй. Ингэснээр барахгүй гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлэх шинэ төслийг Улсын төсвөөр санхүүжүүлэхгүй хэмээн хатуу сануулчхав.

Тэрбээр мөн төрийн статустай байгууллагууд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхад хориг тавьж, орон тооны санхүүжилтийн зардлыг нь хасчхав. Үүнийгээ “Хуульд зааснаас бусад салбарт дэд, орлогч даргатай холбоотой төсөв хянаж тусгахгүй” гэж онцлох заалтаар оруулж, төсвийн сахилга батыг чангатгах, хуульд зааснаас бусад орон тоог цомхотгох замаар төсвийн зардлыг бууруулахад анхаарч цаашлаад төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгасангүй, ёстой браво гэхээс өөр яах билээ.

Б.Жавхлан сайдын бас нэгэн анхаарал татсан үйлдэл нь орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх нөхөцлийг бий болгохоор зорьсон нь юм. Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулж, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө. Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгох гэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж, цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэхдээ өрхийн амьжиргааны түвшинг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэв.

Бүх шатны төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх замаар холбогдох зардлыг хэмнэнэ. Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй хэмээн оновчтой тодорхой төлөвлөөд төсөвлөчхөж. Хамгийн гол нь дээрх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалтын тогтмол зардлаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 50 хувиар, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлыг 30 хувиар тус тус бууруулж 2023 онд 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.

Тэрбээр төрөөс уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн 24.5 тэрбумын татаасыг хасаж, хангамж, бараа материалын зардалд 14.8 тэрбум, норматив зардалд 31.2 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардалд 24.2 тэрбум, томилолт, зочны зардалд 7.2 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжид 73 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардалд 29.5 тэрбум нийтдээ 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тусгаж. Ингэж анх удаа улсын төсвөөс шимэгчилдэг улс төрчид, их хурлын гишүүд, төрийн өндөр дээд тушаалтан, хууль хүчний том дарга нар тэдгээрийн халхавчинд байдаг нөхдийн  “тендер хэрэгжүүлнэ”, “барилга байшин барих” нэрийдлээр ард иргэдийн татварын мөнгийг саадаг байдлыг хязгаарласан төсвийн төслийг боловсруулжээ. Энэ төсвийн төсөл ирэх долоо хоногт батлагдах ёстой. Хэрэв энэ чигээрээ батлагдвал эрх мэдэл, мэдээлэлд ойроо ашигласан шуналтнуудад нэг удаа ч болов саад болж чадна гэсэн үг.

+ There are no comments

Add yours