Хүйтэн төрийн төмөр сарвуу хувийн хэвшлийг базаж эхлэв… 

Төрийн эрх мэдлийн хязгаар хэрээс хэтэрч эцэс сүүлдээ ажил нь жигдэрсэн томоохон хувийн хэвшил рүү улайм цайм дайран булаан авдаг байдал давтагдах нь хэвийн үзэгдэл болох нь. Магадгүй энэ байдалд одоо л цэг хязгаар тогтоохгүй бол үүнээс цааш өчнөөн хувийн хэвшил төрд булаалган үүдээ барьж, өчигдөр байсан, өнөөдөр байхгүй, маргааш мартагдана гэсэн гунигтай түүхийн эзэн болох нь.  

Ингэхэд үнэхээр Монголын төр хөл дээрээ тэнцэж зогссон хувийн хэвшлүүдээ булаан авч дээрэмдэх ёстой гэж үү. Хувийн хэвшлээ булаан авах төрийн нэр барьсан дээрэм улаан цагаандаа гарч, “төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч хамтарч ажиллаж, дэмжинэ” гэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасаныхаа эсрэг ажиллаж эхлэх нь зүйл хэр нийцэх үйлдэл юм бол? 

Хувийн хэвшил рүү дайрах энэ “махны машин” өрсөлдөгчгүй шуурхай ажиллаж эхэлсэн учир хувийн хэвшилдээ “төмөр нүүрээ харуулсан” төрийн өмнө төрт улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан бүхий чадлаа ашиглан зүтгэж байсан томоохон үйлдвэрүүд үүдээ барихдаа тулж, өчнөөн иргэдийн амь амьдрал дундаас доош унаж ядуур нийгмийн давхаргыг нэмэхэд хүрээд байна. Ингэхэд энэ хүйтэн төрийн төмөр сарвуу маргаашийг мартан даналзаж, ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч, давшилж түрэмгийлэн авахыг хэн дэмжээд байгаа юм бэ? 

Хаа сайгүй, бүхий л хэвлэл \ардаа улс төрч эзэнгүй, аль нэгэн намын хамааралгүй\ сэдэв хөндөн харамсан бичиж, төр нь хувийн хэвшлийг эхнээсээ булаан, эзэрхийлж байгааг улсдаа хийж бүтээж байсан хувийн хэвшил нь төрд очсон ч улам бүр доройтож, улс төржсөн өмхий намагт гүн живж, өөдөө нар үзэхгүй байдалд ороод байгааг дугаар алсгахгүй шахам бичиж байхад Төр яагаад дүлий мэт авирлаж, таг чиг нам гүм байгаа юм бэ? 

Хувийн хэвшил төрийн хамааралгүй бол хэрхэн ажиллаж чаддагийг харин тэр хувийн хэвшлийг төрд очоод хэрхэн эмтрэн сүйрч байгааг  бэлээхэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” компанид тулгараад байгаа өнөөдрийн нөхцөл байдал бэлээхэн харуулж байгаа. Учир нь энэ үйлдвэр зардлаа нөхөж, хувиа борлуулан үйл ажиллагааны доголдолгүй ажиллаж байсан, харин өчигдөр төрийн мэдэлд авч, захирлаар нь цүнх баригч улс төрийн нам дамжиж албан тушаал горилогч нэгэн очсоноор асуудлыг шийдвэрлэх биш олны анхаарлын төвд өөрийгөө оруулан попорсоор өнөөдөр үнэнд гүйцэгдэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа ганхаж, ганхахаар барахгүй сөхөрч байгаа тухай хэвлэлийн хуудаснаа бичигдэх боллооо.  

Ингэхэд, цементийн үйлдвэрийг төрд авснаар бүтээгдэхүүний эрэлт өндөр энэ цаг үед 100 хувь дотоодын эрэлтээ хангаж, нийлүүлэлтээ гүйцэтгэж, бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй гэж хэн амлалт өгсөн билээ. Гэтэл эрэлт өндөр энэ цаг үед цементийн хомсдол үүсч, үнэ нь хэд дахин өссөнөөр бүтээн байгуулалтын ажлууд зогсон, үнэнд гүйцэгдсэн, төрд шургалсан попчид ичгүүргүйгээр “гараа өргөн хэлээ гаргаад” зогсчихов. Ингэж цементийн зах зээлийг төр өөрийн гараараа самарч хор уршиг, лай ланчигийг нь иргэд, аж нэгжүүд нуруундаа үүрэн хохироход хариуцлага гэдэг үгийг хэн ч санасангүй, санахыг хүссэн ч үгүй. Учир нь төр хүчтэй байна. Хэн нэгэн илүү дуугарвал түүнд төрийн төмөр нүүр, хатуу босго тулж байна.  

Хамгийн эмгэнэлтэй нь цар тахлын хүнд бэрх цагт дампуурлаа зарлаагүй давсан хувийн хэвшлүүд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж айсуй хатуу урсгалын давах гэж зүтгэсэн ч аргагүй цөхөрч, сөхөрч эхлэв. Сайхан яриа бодит байдал хоёр нүүр тулахад бодит байдал ялдагийн тод жишээ, баялаг бүтээгчдийг төрөөс дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг нэртэй ч үнэндээ жинхэнэ эзэддээ хүрдэггүй, дээгүүр доогуураа хальж алга болдогоос өнөөдрийн төмөр нүүрэнд хувийн хэвшил хажуулдах биш сөхөрчихлөө. Хэдий болтол Ардчилсан нийгэмтэй энэ улсад төрийн нэрийг барьсан хэсэг бүлэглэл монжиж, ард иргэддээ үйлчилдэг хувийн хэвшлүүд ялагдаж туйлдсаар байх юм бол? 

Ингэхэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж  байна хэмээн хэвлэлийнхэнийг цуглуулж байгаад л бөөн сүр болон баахан гарын үсэг зуралцдаг Санамж бичгүүд, төр хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг олон лоозон уриа хачир дээрээ хяналт шалгалт, дарамт шахалтаас хэтэрдэггүй шалтгаан юу юм бэ. Хувийн хэвшлээсээ дэмжих бус эсрэгээрээ эзлэн түрэмгийлж, зах зээлээс шахан гаргаж, түлхэн унагаж байгаагийн тод жишээ бол өчигдөр Хөтөл байсан бол өнөөдөр Дарханы арьс ширний цогцолбор компанид тохиолдсон явдал болов. Хийсэн бүтээсэн бүхнээ хамгаалан тэмцсэн, төрд дээрэмдүүлэхгүй, зах зээлээ булаалгахгүй гэж тэмцсэн бизнес эрхэгч бүхнийг шоронгоор айлгаж барьж хорих нь өнөө цагийн улс төрчид та бүхний хийх ёстой ажил мөн гэж үү. Хааж боох, эзэмшилдээ авах, нураах, цөөлөх асуудал гарын таван хуруунд багтахгүй нэмэгдэж байхад төр төмөр нүүрээ үзүүлж байна, браво хэмээн алга ташиж суух цаг биш болж. Учир нь уржигдар гражны газар булааж байсан “төр” өчигдөр амралтын газар руу дайрч, өнөөдөр үйлдвэрүүд рүү ханцуй шамлаж байна. Магадгүй маргааш манай танай гэрт ороод ирчихсэн авдар ухаад сууж байхад ядахгүй болтлоо алдаа ихэслээ. Алдаа, магадгүй энэ алдааг бид хаана зогсоох байсан юм бол?? 

Үргэлжлэл бий… 

 Сэтгүүлч Х.Ган-Ялалт 

+ There are no comments

Add yours