Монгол банк мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэжээ

Монгол банк мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэжээ

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн, бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох, банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

“Гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. Геополитикийн хямралаас үүдэлтэй, эдийн засгийн хориг арга хэмжээ нь глобал эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа. Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлэн, дэлхийн нийтэд хүчээ авсаар байгаа үнийн өсөлт нь төв банкуудыг бодлогын хүүгээ чангаруулахад хүргэж байна. 

Томоохон эдийн засагтай, хөгжингүй орнууд бодлогын хүүгээ огцом өсгөж байгаа нь бусад орнууд ч хүүгээ өсгөх дарамтыг бий болгож байгаа.

Дотоод эдийн засгийн тухайд 1.9 хувиар өсөн, тэлсэн. Тээвэр, уул уурхайгаас бусад бүх салбарт өсөлт ажиглагдаж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт сэргэж байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээрээ 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоодын эдийн засаг цар тахлыг давсныг илтгэж байна” гэв.

Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10% болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ. 

Leave a Reply

Your email address will not be published.