“Рио Тинто” “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авах зарчмын тохиролцоонд хүрлээ

“Рио Тинто” компани нь одоогоор “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргаад байсан нь дэмжигдэж зарчмын тохиролцоонд хүрлээ. “Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллароор үнэлсэн.

Энэ саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Уг санал хураалт энэ оны 4-р улиралд зохион байгуулагдах төлөвтэй байгаа бөгөөд саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм. “Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь Оюу Толгой төслөөс Монгол улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Рио Тинто компани Монгол улсын засгийн газартай шууд хамтран ажиллаж Оюу толгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож цаашид хийгдэх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Оюу толгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэв.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн “Рио Тинто” компани хувь эзэмшигчийн хувиар “Эрдэнэс Оюу Толгой” компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ.” гэжээ.

Эх сурвалж: Рио Тинто Монгол

+ There are no comments

Add yours